Ховд аймгийн Засаг даргын 2013 оны А/379 дугаар захирамжаар Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал явуулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энэ талаархи дүн мэдээллээ энэ сарын 22-ны өдөр хэлэлцлээ.
Аттестатчилалыг хөдөөгийн сумдад 3, аймгийн төвд 2 ажлын хэсэг томилон согтууруулах ундаагаар үйлчилгээ явуулдаг цэг салбар бүрийг хамран Монгол Улсын “Худалдааны газар, түүний үйлчилгээ” MNS 5021-2007, “Хоолны газрын ангилал зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 4946-2005, стандарт, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 227 дугаар тогтоолын заалтыг үндэслэн хийсэн байна.
Аттестатчилалд 275 дэлгүүр, 4 супермаркет, 12 минимаркет, 16 баар, 21 нийтийн үйлчилгээтэй зоогийн газар, 2 кафе, 8 зочид буудлын дэргэдэх зоогийн газар нийт 338 аж ахуйн нэгж хамрагдсан байна.
Үүнээс дэлгүүр 211, супермаркет 4, минимаркет 10, баар 11, нийтийн үйлчилгээтэй зоогийн газар 15, кафе 1, зочид буудлын дэргэдэх зоогийн газар 6 нийт 258 аж ахуйн нэгж салбар тэнцэж, минимаркет 2, нийтийн үйлчилгээтэй зоогийн газар 6, баар 5, кафе 1, дэлгүүр 64, зочид буудлын дэргэдэх зоогийн газар 2 буюу 80 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Ингэснээр согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж цэгийн тоог 23.6 хувиар буюу 4/1-ээр цөөрүүлжээ.
Мөн шалгалтын үеэр хэрэглээний баталгаат хугацаа дууссан 52 нэр төрлийн 970.7 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч сумын устгалын комисст шилжүүлэн зөрчил гаргасан 11 иргэн, 2 аж ахуйн нэгжид 420.0 мянган төгрөгөөр торгууль ноогдуулж, зөвшөөрөлгүй газарт худалдаалж байсан 3 нэр төрлийн 106.4 мян төгрөгийн 19 бүтээгдэхүүнийг хураан авч улсын орлого болгон ажилласан байна.
Цаашдаа архины зөвшөөрлийг холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2 жилээр олгож, 2 жилээр сунгахаар болжээ.