Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр (2022.01.13) болж, 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглолоо.
Зургаагийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга амжилттай барилдаж, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав.
Ингээд шинэ Үндсэн хуулиа баталсны түүхт 30 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, улсын гарьд Мягмарын Бадарч үзүүрлэсэн бол их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, улсын харцага Баянзулын Цэдэнсодном нар шалгарч үлдэв.
Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөрт зориулсан хүчин бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бай шагнал гардуулж, баяр хүргэв.
Сонирхолтой тоон баримт
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан уламжлалт барилдааны анхны түрүүг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол улсын гавъяат тамирчин, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байсан билээ.
Энэхүү барилдаан 2012, 2013 онуудад тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй билээ.
Хамгийн олон түрүүлсэн бөх
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ (одоогийн УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга) 1993, 1996, 1997, 1998 онуудад дөрвөн удаа түрүүлсэн.
Хамгийн олон үзүүрлэсэн бөх Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат (УИХ-ын гишүүн асан, 2016-2020) 1997, 1998, 2001 онуудад гурван удаа үзүүрлэсэн.
Дараалан түрүүлсэн бөх
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1996, 1997, 1998 онуудад гурван удаа дараалан түрүүлсэн.
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын арслан Батжаргалын Ганбат 2001, 2002 онуудад хоёр удаа дараалан түрүүлсэн.
Дараалан үзүүрлэсэн бөх
Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат 1997, 1998 онуудад дараалан үзүүрлэсэн.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 2003, 2004 онуудад дараалан үзүүрлэсэн.
Улсын цолгүй түрүүлсэн бөх
Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой түрүүлсэн.
Улсын цолгүй үзүүрлэсэн бөх
Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан 2009 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.
Увс аймгийн Хяргас сумын харьяат улсын начин Сүхбаатарын Батсуурь 2011 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.