Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчин өрхийн тоо 188.6 мянгад хүрч, нийт 305.4 мянган малчин мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Ийнхүү мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, зах хязгаар нутгийг ашиглаж, хамгаалахад малчдын оролцоо улам бүр нэмэгдсээр байгаа юм.
Энэ жил Говьсүмбэр аймгаас хоёр улсын аварга малчин шалгарсан. Тэдний нэг болох 30 гаруй жил мал маллан амьдарч буй Сүмбэр сумын 6-р багийн малчин Г.Одсүрэн болон эхнэр Г.Баярцэнгэл нарт ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь, аймгийн удирдлагууд шагналыг нь гардуулан өглөө.
Тэрээр 2000 гаруй толгой мал өсгөн үржүүлж байгаа бөгөөд цаашид бэлчээрийн даац, малынхаа үүлдэрлэг байдалд анхаарах нь чухал болохыг хэлж байсан юм.
Улсын хэмжээнд аварга малчнаар шалгарсан малчид нь сүүлийн 3 жилд сум, орон нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай өрхөд нийт 60.4 мянган толгой мал хандивлаж малжуулах ажлыг зохион байгуулжээ. Мөн нийт 216.4 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан байна.