Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж буй “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд эхэллээ.
“Зариг” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг, “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нар яагаад энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон талаар нээлтийн үгэндээ сэтгүүлч Н.Өнөрцэцэг тайлбарлалаа.
Тэрбээр “Монгол Улсын хөгжлийн банк дампуурлын ирмэгт ирээд байна. Учир нь тус банкнаас олгосон нийт зээлийн 60 орчим хувь нь эргэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй, найдваргүй чанаргүй зээлийн ангилалд орсон. Зээлээ төлөхгүй улсыг хохироогоод байгаа муу түүхтэй компаниудыг судлаад үзэхээр ихэнх нь улс төрийн хүрээнийхэнтэй холбогдож байгаа нь бидний бэлтгэсэн баримтуудаас тодорхой харагдаж буй.
Тиймээс бид тус банкны бие яагаад муудав, хэн ийм байдалд хүргэв, хэрхэн өрийг барагдуулах талаар энэхүү хэлэлцүүлэг дээр ний нуугүй ярих болно” гэв.
“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт Хөгжлийн банкны захирал Н.Мандуул, Монгол банкны удирдлагууд, УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яам, МАН, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам зэрэг бусад улс төрийн намуудын төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийн холбоо, Зээл авсан ААН-үүдийн төлөөлөл, эдийн засагчид, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.