Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа.
Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн шийдвэрлэлээ.
Харин хилийн боомт орчимд коронавируст халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.