Ирэх даваа гарагаас 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт орно

Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтаар хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл авсан.

Ийнхүү гурван өдөр үргэлжилсэн санал асуулгад нийт 7278 хүн саналаа өгсөн юм. Санал, асуулгад оролцогсдын 74.2 хувь нь тус саналыг дэмжсэн бол, үлдсэн 25.8 хувь нь дэмжээгүй байна.

Санал асуулгын дүн болоод холбогдох тооцоо, судалгааг үндэслэн нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулан, зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын А/217 дугаар захирамж гарлаа. Захирамжаар төрийн болон төрийн бус өмчийн  ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчлөв.

Энэ талаар  Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Нийслэлийн Боловсролын газраас холбогдох тооцоо, судалгааг хийсэн. Анхны судалгаагаар хотын төвийн болон түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай 78 сургуулийг судалгаанд хамруулсан. Тухайн 78 сургуульд суралцдаг 92 мянган сурагчийн зорчих судалгааг хийхэд 25.7 хувь нь хувийн машин болон таксигаар зорчиж байгаа гэх дүн гарсан байна. Ийнхүү тус 78 сургуулиас хамгийн олон сурагч хувийн машин болон таксигаар зорчдог 59 сургуулийг сонгож, гурван цагийн үечлэлд хамрууллаа. Тодруулбал, 21 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 15 сургуулийн хичээл эхлэх цагийг 08:15 байхаар тогтов. Мөн нэг ээлжээр хичээллэдэг 23 сургуулийн хичээл эхлэх цагийг 09:00 байхаар шийдвэрлэлээ” хэмээсэн юм.

Өөрөөр хэлбэл, ойр байршилтай хоёр сургууль байгаа тохиолдолд эхний сургуулийн хичээл 07:45 цагт, хоёр дахь сургуулийнхыг 08:15 цагт эхлүүлэх зохицуулалт хийсэн байна. Энэ зохицуулалт ирэх даваа гарагаас буюу хоёрдугаар сарын 21-нээс мөрдөгдөж эхэлнэ.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжид зарим аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан зөвлөмж гаргасан байна. Тодруулбал, цагийн зохицуулалтад хамаарах ерөнхий боловсролын сургуульд хүүхэд нь суралцдаг ажилтнуудын ажиллах цагийн хуваарьт уян хатан хандаж, дотоод зохион байгуулалт хийхийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөлөө. Жишээлбэл, хүүхдийнх нь хичээл 09:00 цагт эхэлдэг ажилтны ажилдаа ирэх цагийг 10:00 цаг байхаар дотоод зохион байгуулалт хийхийг зөвлөж байна.

59 сургуулийг цагийн үечлэлд хуваарилахдаа тухайн сургуулиудын удирдлагуудтай уулзаж, тэдгээрийн саналыг тусгасан гэдгийг Нийслэлийн Боловсролын газраас онцоллоо. Мөн Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй  хамтран судалгаа хийж, оргил ачааллын үед ийнхүү зохицуулалт хийснээр түгжрэл 12.5 хувиар буурах тооцоог гаргасан байна. Тус цагийн зохицуулалт нь 2021-2022 оны хичээлийн жил дуустал мөрдөгдөх юм.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …