Монгол Улс 2021 онд Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн тул Соёлын яам олон улстай кино урлагийг дэмжих хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна.
Тухайлбал, өнгөрсөн онд 7.5 сая ам.долларын өртөгтэй Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төслийг эхлүүлэх асуудлыг ярилцаж байсан бөгөөд кино зураг авалтын тодорхой хэсгийг Монгол Улсад хийж, 2 сая орчим ам.доллар нь 100 хувь Монгол Улсад зарцуулагдах тооцоо гарч байсан юм.
Тэгвэл өнөөдөр Монгол болон Унгар улсын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан өнөөдөр болж, “Кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай Монгол Улсын Соёлын яам, Унгар улсын Хүний хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа. Санамж бичигт, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар гарын үсэг зурав.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол, Унгарын кино урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.
Тухайлбал, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн анхны кино студийг байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, мэргэжлийн кино студи, хамтарсан бүтээлийг шинэ түвшинд хүргэх, хоёр орны кино үйлдвэрлэгчид, продюсерууд болон салбарын бусад мэргэжилтнүүдийн уулзалтыг тогтмол зохион байгуулахаар тохиролцов.
Мөн кино урлагийн сургууль, мэргэжлийн байгууллага хоорондын уран бүтээлчид, оюутан, судалгааны мэдээ, материал солилцох замаар кино урлагийн байгууллагууд болон сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар боллоо.