Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах зорилготой ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний байдлаар 50 тээврийн хэрэгслээр 63 чингэлэг оруулж ирсэн. Чингэлгийн тээвэрлэлт эхэлсэн өдөр буюу нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 1798 тээврийн хэрэгслээр 2332 чингэлгээр 42.556 тонн ачаа оруулж ирсэн байна.
Өдөрт дунджаар 60-70 чингэлгийг нэвтрүүлж байгаа. БНХАУ-ын талд чингэлэг солилцох талбайг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан. Талбайг нэмэгдүүлснээр чингэлгийн тоог нэмэгдүүлэх боломжтой” гэв.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан төмөр замын ачаа, тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-наас экспортын зарим ачаанд БНХАУ-ын талаас хориг тавьж өдөрт зургаан галт тэрэг хүлээн авч байсан. Өнөөдрийн байдлаар хориг бүрэн цуцлагдаагүй ч нэг хоногт 10 галт тэрэг экспортод гарч байна. Хоёр улсын хэлэлцээрээр 14 галт тэрэг гарах ёстой байдаг. Хоёрдугаар сарын 11-нээс хойш 1200 орчим вагон, 85000 тонн зэсийн баяжмал БНХАУ-д хүлээлгэн өгсөн. “Улаанбаатар төмөр зам” ХНН цаашид экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талд санал тавин, цахим уулзалт зохион байгуулж байна” хэмээн хэллээ.
Хурлын төгсгөлд Замын-Үүдээс бусад авто замын боомтын тээврийн талаар мэдээлэл өглөө.
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга О.Энхбат “Ханги хилийн боомтоор 50-60 тээврийн хэрэгслээр 100 гаруй чингэлэг нүүрс, Гашуунсухайт авто замын боомтоор 100 орчим тээврийн хэрэгсэл нүүрс, 32 зэсийн баяжмал импортолж байна. Харин Булган боомтоор өдөрт дунджаар 120-150 тээврийн хэрэгсэл нүүрс экспортолдог” гэв.