Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Аяуми Кониши тэргүүтэй төлөөлөгчдийг 2013 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Аяуми Кониши хэлэхдээ “АХБ-наас Монгол Улсын Засгийн газартай ирэх 3 жилийн хугацаанд хамтран ажиллах шинэ гэрээ байгуулахаар болж байна. АХБ-нас олгох зээл нь зээлийн гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас тавьж байгаа босго нөхцөлийг хангасан байх учиртай. Ирэх 3 жилийн хугацаанд хэдий хэмжээний зээлийг хаана ямар салбарт хуваарилах талаар тодорхойлох ёстой. Тухайлбал эрчим хүчний салбарт зарцуулах зээл нь интеграцыг нэмэгдүүлж, нүүрснээс бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, цаашилбал Монгол Улсыг Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээнд идэвхитэй оролцоход дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодож байна. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ дунд хугацаанд ямар байх талаар ЭЗХЯ, Сангийн яамтай ярилцана. Ингээд 2014 оны нэгдүгээр сарын 20 гэхэд зээлийн гэрээ байгуулах асуудал үндсэндээ тохиролцоонд хүрсэн байна. Үүний дараа ирэх 3 жилийн зээлийн график гаргах ажил эхэлнэ. Үүнд ЭХЯ их анхаарал тавина гэдэгт найдаж байна” гэв.
Дараа нь Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ “ Эрчим хүчний Яам шинээр байгуулагдсанаар эрчим хүчний салбарт өөрчлөлт шинэчлэлт хийхийн тулд идэвхитэй ажиллаж байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулах, дамжуулах иблоон түгээх сүлжээг өргөтгөж шинэчлэх талаар нэлээд ажлыг төлөвлөж хийж байна. Энэ үед АХБ-наас эдийн салбарт онцгой анхаарч дэмжлэг туслалцаа үзүүлэх гэж байгаад талархаж байна. Манай яамны зүгээс АХБ-наас авах зээл тусламжид ямар зүйлийг тусгах талаар нэлээд нухацтай ажиллаж байна. Урьд авч байсан зээл тусламжийн үр өгөөжийн талаар та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Одоо авах зээл тусламжийг ямар төсөл хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөж байгаагаа дэлгэрэнгүй танилцуулна” гэв.
Уулзалтад ЭХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга С.Баярбат, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Б.Туяа, Эрчим хүчний хэлтсийн дарга Л.Ганхуяг, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг нар оролцлоо.