Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд
төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулах, энэ төсөл, арга хэмжээний санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөхгүй байх тухай зохицуулалтыг нэмж тусгажээ.
Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, шаардлагатай мэдээллийг төрийн мэдээллийн сангуудаас авах технологийн нөхцөл бүрдсэн. Энэхүү дэвшилтэд талыг ашиглан захиалагч шийдвэр гаргаж, гэрээ байгуулах 30 хоногийн хугацааг багасгаж ажлын 15 хоногт шийдвэр гаргахаар тусгасан байна.
Урт хугацаанд хэрэгжих зарим төсөл, арга хэмжээний хувьд захиалагч, гүйцэтгэгчээс үл хамааран төсөвт өртөг зайлшгүй нэмэгдэх тохиолдол байдаг тул хуулиар төсөвт өртгийг шинэчлэн баталсан бол гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх боломжийг бий болгосон байна.
Захиалагч байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг тохиролцон гурав хүртэл жилийн хугацаагаар гэрээ байгуулах боломжтой. Тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны хувь хэмжээг бууруулна зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.
Товч мэдээ
· Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгалаа.
· “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчилна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулж байна.
· Коронавируст халдварын цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Гашуунсухайт боомтод 66 га газарт автомат удирдлага бүхий жолоочгүй чингэлэг тээврийн терминал байгуулах, түүний зориулалтаар газар ашиглахыг зөвшөөрлөө.