УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар хорих ангийн ажилтан, албан хаагчид болон хүмүүжигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар энэ сарын 7-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих ангийн ажилтан, албан хаагчид болон хүмүүжигчид, тэдгээрийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа.

Энэ ажил гуравдугаар сарын 9-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хорих ангийн үйл ажиллагаа болон хорих байрны нөхцөл, эмнэлгийн үйлчилгээтэй танилцах үеэрээ “Хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байх ёстой.  Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад эрх зүйн баримт бичгээр зохицуулсан. Мөн НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь нийгмийн эмзэг, орхигдсон хүн амын бүлгүүдэд чиглэсэн стратегийг баримтлах замаар хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг хангахаар тунхагласан.

    Миний бие эрүүл мэндийн тэгш, хүртээмжтэй үйлчилгээгээр хүн амыг хангах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүндрэлгүйгээр авах боломж хүн бүрт нээлттэй байх ёстой, чанартай тусламж, үйлчилгээг хүн амд үзүүлэх хууль эрх зүйн орчныг цогцоор нь хийх ёстой гэдэгт эмч хүний хувиар анхаарал хандуулж, хууль тогтоох байгууллагаас батлан гаргаж буй эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулахад ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж байна.  Хорих ангийн ажилтан, албан хаагчид ажлын онцлог байдлаас шалтгаалж тэр бүр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаад явж чаддаггүй. Эрх нь хязгаарлагдсан эмэгтэйчүүд ч мөн адил. Тиймээс санаачилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж, үзлэг, шинжилгээ хийж буй эмч нартаа баярлалаа. Эрт илрүүлгийн арга хэмжээ зохион байгуулснаар нэн тэргүүнд улсын хэмжээнд зонхилон тохиолдож буй нас баралтын гол шалтгаан болох хорт хавдар, зүрхний өвчинд анхаарал хандуулж байна” гэв.

  Хоёр өдрийн арга хэмжээний хүрээнд эмч нар ЭХО, эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэндийн шаардлагатай үзлэг, шинжилгээг 250 гаруй хүмүүжигч, албан хаагчдад хийхээр төлөвлөжээ. Тус арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын залуучуудын холбоо, Хавдар судлалын үндэсний төв, Амгалан амаржих газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж буй юм байна. 

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …