Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарын NTV телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Төлбөрийн системийн шинэчлэл, тэр дундаа ₮ картыг EMV чип технологид шилжүүлсэн талаар яриагаа эхэлье?
-Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн EMV чип картыг банкуудаар дамжуулан иргэдэд хүргэх ажлыг эхлүүлээд байна. Одоогоос бараг 10 жилийн өмнө Монголбанкнаас иргэдэд ₮ картыг санал болгож, гаргаж байсан. Энэ нь тухайн үедээ соронзон туузан технологитой байв. Энэ технологи нь өнөө үед нууцлал, аюулгүй байдлын хувьд олон улсын стандартыг хангаж чадахгүй болж байгаа учраас үүнийг шинэчлэх ажлыг 2019 оноос эхлүүлсэн юм. EMV чиптэй болсноороо хамгийн түрүүнд нууцлал, аюулгүй байдлын хувьд дэлхийн стандартад нийцэж байна. Хоёрдугаарт QR код зэрэг бусад төрлийн гүйлгээнүүдийг хийх, tokenization буюу гар утас, ухаалаг цагаараа төлбөр тооцоо хийх боломжийг бий болгож, дэд бүтэц, суурийг нь тавилаа. Банкны нийт гүйлгээний бараг 95 хувь нь карт, гар утас зэрэг цахимаар хийгдэж байгаа бөгөөд үлдсэн 5% нь л теллерээс бэлэн мөнгөөр хийгдэж байгаа статистик бий.
-Ковидын үед цахим төлбөр тооцоо эрчимтэй өсөж байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Цар тахлын үед буюу сүүлийн 1 жилд цахим худалдан авалтын тоо 133%, дүн нь 138% өсөж нийт 260 тэрбум төгрөгт хүрсэн байх жишээтэй. Картаар хийгдсэн гүйлгээний хувьд 2021 онд 14.7% өсөж 41.4 их наяд төгрөгт хүрчээ. Ер нь төлбөр тооцоо цахимжиж, ковид иргэдийн амьдралын хэв маягийг өөрчлөх хандлага ажиглагдаж байна.
-Манай улсын төлбөрийн системийн хөгжил ямар түвшинд байгаа вэ?
-Бидний хувьд дэлхийн жишигтэй зэрэгцээд явж байна. Дэлхий дээр 190-ээд орон төлбөрийн систем ажиллуулж байгаагийн 40 орчим нь өөрсдийн гэсэн брэнд карт, системтэй буюу гадны улсаас хараат бус, дотооддоо гүйлгээ, төлбөр тооцоогоо хийх бүрэн боломжтой байдаг. Ингээд харвал Монгол Улс бусад орноос хоцрогдоод байгаа зүйл байхгүй. Монголбанк төлбөр тооцоог зохион байгуулж, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үүрэгтэй ажилладаг.
Төлбөр тооцоо технологио дагаж цаг ирэх тусам өөрчлөгдөж байна. Үүнийг даган компаниуд шинэ төрлийн үйлчилгээ гаргах суурь дэд бүтэц нь 2016 оноос хойш Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд төв банк дээр шинэчлэгдэж, дэлхийн стандартад хүрээд байгаа.
-2022 оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд төв банкны цахим мөнгө гаргах талаар судална гэж тусгасан байсан. Энэ ажил аль шатанд яваа вэ?
-Төв банкны цахим мөнгө гаргах асуудлыг судлах ажлын хэсгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч ахалж буй. Бидний зүгээс ямар системээр явах, иргэдийн чиглэлд байх уу, ААН-д зориулсан байх уу зэрэг асуудлыг тал талаас нь, олон улсын түвшинд, нарийвчлан судалж байна.