Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдал, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архидалттай тэмцэх уриалга гаргалаа.
Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байгаа юм.
Чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол эрчүүд архи тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл зөв амьдралыг төлөвшүүлж, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт удаан насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй амьдрах ёстой” хэмээн онцоллоо.
Тодруулбал, сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 97.4 хувь нь эрчүүд байгаа бөгөөд дийлэнх нь согтуугаар үйлдэгджээ.
Мөн манай улсын хүн ам өсөж, дундаж наслалт 70 нас болсон сайхан мэдээ байгаа хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 1990 онд 5.8 жил байсан бол өнөөдөр 10 жил болж өөрчлөгдсөн байна. Энэ нь нэг ёсондоо эрэгтэй хүн эмэгтэй хүнээс 10 жилээр богино насалж байна гэсэн үг юм.