Уулчин А.Баттогтохтой ярилцлаа
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе?
-Сайн байна уу? Өдрийн мэнд
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Алтангэрэлийн Баттогтох гэдэг. Ховд аймагт төрж, өссөн. Механик инженер мэргэжилтэй. 2003 оноос хойш 19 дэх жилдээ ”Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буюу одоогийн Буянт-Ухаа нисэх буудалд механик инженерээр ажилладаг. Ажилд орсоноосоо хойш хугацаандаа ажилчин, механикч, орнитологич техникч зэрэг олон төрлийн ажил хийж үзсэн.
-Маш сонирхолтой ажил эрхэлдэг юм байна. Таны ажлын онцлог болон хүндрэлтэй, эсвэл сайн сайхан зүйл нь юу байдаг вэ?
–Би нисэх буудлынхаа Аеродромын албанд нь ажилладаг. Манай алба Буянт-Ухаа аэродром болон ИНЕГ-ын харьяанд байдаг бусад нисэх буудлуудын аэродромыг нислэгт бэлэн байлгах, нисэхийн аюулгүй байдлыг хангах, хээрийн аэродром сонгох гэх мэт олон талын үүрэгтэй мэргэжлийн алба. Аэродром гэдгийг агаарын хөлөг хөөрч буух, явгалах, зогсоход зориулсан цогц байгууламж гэж ойлгож болно. Үүнийг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, тухайлбал цастай, бороотой, эсвэл хавар, намрын улиралд температурын огцом өөрчлөлтөөс шалтгаалж мөстөлт, гулгаа үүсэхээс сэргийлж шуурхай ажиллах, аэродромд гарсан эвдрэл гэмтлийг шуурхай засварлах зэргээр цаг хугацаатай уралдсан хүндрэлтэй үеүд нилээд гардаг л даа. Гэхдээ энэ бүхнийг аль болох урьдчилан тооцоолж, бэлтгэл ажлуудыг хангасан баг хамт олон байдаг учир алзахгүй л даван гардаг даа.
-Таны эрхэлдэг ажил болон хичээллэдэг спортод ижил төстэй зүйл байдаг уу?
-Хийж байгаа ажил, уулын спорт аль аль нь миний сонирхож сонгосон зүйл ч гэлээ маш өндөр хариуцлага шаарддаг. Байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй тэмцэх, даван туулах өөрийгөө болон бусдыг аюулгүй байлгахад анхаарах гэдэг утгаараа төстэй юмуудаа. Бас би багаасаа л нутгийнхаа уул хадаар аялах сонирхолтой, аавынхаа бууг үүрээд л ан ав хийх санаатай хэдэн уул даваад л явчихдаг хүүхэд байсан. Ажилд орсноосоо хойш орон нутгийн нисэх буудлуудын аэродромын засварын ажилаар хааяа хөдөө явж, боломж гарвал тухайн нутгийн өвөрмөц онцлогтой газар нутагтай танилцдаг, амралтын өдрүүдээр байгаль, шувуу, зэрлэг амьтдын гэрэл зураг сонирхдог байсан нь аялах, уулын спортоор хичээллэхэд минь нөлөөлсөн байх. Түрүүн би орнитологич техникчээр ажиллаж байсан гэж хэлсэндээ. Тэр нь агаарын хөлгийг шувуу, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх өвөрмөц сонирхолтой ажил байдаг шүү.
-Та хэзээнээс ууланд авирах болов? Ууланд алхах, авирах нь бусад спортоос юугаараа онцлог вэ?
-Би уулын спортын төрлүүд болох уулын алхалт, уулын гүйлт, уулын спорт аяллын төрлөөр 10 жил тууштай хичээллэсэн бөгөөд сүүлийн 7 жилд өндөр уулын авиралтаар хичээллэж байна. Ууланд авирах нь бие махбодын эрүүл мэндэд тустайгаас гадна, саадыг давж зорилгодоо хүрэх, түүнээсээ урам зориг, таашаал мэдрэх, өөрөөрөө бахархах, алдаанаасаа суралцах, туршлагаасаа бусад хүмүүстэй хуваалцах, энэ спортыг таниулахад тустай байдаг. Уул бүр өөрийн онцлогтой. Тухайн жилийн хур тунадас, цаг хугацаанаас хамаарч авиралт бүр адилгүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу