БОАЖ-ын сайд Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглов.
Мөн тушаалын хэрэгжилтийг хангаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна.
Жил бүрийн хаврын хуурайшилтын үед үүсдэг эрсдэл бол ой, хээрийн түймэр юм. Сүүлийн 2 жилд хур тунадас ихтэй чийгшилт харьцангүй сайн байсан тул ой хээрийн түймэр өмнөх онуудтай харьцуулахад бага гарсан. 3 дугаар сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд хур тунадасны хэмжээнээс хамааран хуурайшилтын зэрэг янз бүр байдаг. Тэгвэл энэ жил хуурайшилт улам ихсэж, эрсдэлтэй байдал үүсэж буйг мэргэжлийн эрдэмтэн, судлаачид анхааруулж байгаа юм.
2021 онд Архангай, Булган, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий зэрэг 9 аймгийн 35 суманд нийт 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байдаг.
Жишээ авахад энэ жилийн хувьд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 70 гаруй хувь цас багатай хавар эрт хуурайшилт үүсэж ой хээрийн гал түймэр гарах өндөр эрсдэлтэй болоод байгаа мэдээ бий.
Гал түймэр гарах гол нөхцөл нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд дархан цаазат газарт самар, халиун бугын ясан эвэр түүх зорилгоор очсон иргэд асаасан галаа бүрэн унтраахгүй явснаас үүдсэн түймэр ихээр гардаг байна.
Зөвхөн тус дархан цаазат газарт сүүлийн гурван жилд гарсан томоохон хэмжээний түймрийн дүн мэдээг харахад нийт 203 га талбай түймэрт нэрвэгдэж ойн санд учирсан хохирлын хэмжээ 204 105 000 төг/ хоёр зуун дөрвөн сая нэг зуун таван мянган төгрөг/ болсон байна.