Хөрөнгө оруулагчид биднийг ажиглаж, харзнаж байна

Figures-on-piled-up-coins-005-Шинээр эмхлэн байгуулагдах агентлагийг төгс утгаар ажиллуулж чадах эсэхээс хөрөнгө оруулагчид үнэхээр наашаа эргэх үү үгүй юу гэдэг шийдэгдэнэ-

Энэ сарын 19-20-ны өдөр Хонконгод Монголд хөрөнгө оруулагчдын ээлжит уулзалт болж өндөрлөлөө. 2012 оны парламентын сонгуулийн өмнөхөн УИХ-аас баталсан Зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас шалтгаалан Монголд орох хөрөнгө оруулалт 2012 онтой харьцуулахад 50 гаруй хувиар буураад байгаа. Блуумберг-Монгол телевизийн эх сурвалжаар сүүлийн гурван жилийн эхний гурван улирлын үзүүлэлтийг авч үзвэл, 2011-2012 онуудад тогтмол хэмжээтэй байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 оноос муудаж дээрх түвшинд хүрчээ. Үүнээс гадна багцын хөрөнгө оруулалтын хэмжээ эхний гурван улирлын байдлаар жилийн өмнөхөөс 890.7 сая ам.доллараар буурч, хасах үзүүлэлт рүү ороод байна. Манай улсад хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг улсаар нь харвал, энэ оны эхний хоёр улирлын байдлаар 10 хувийг БНХАУ-аас, 64 хувийг Хонгконгоос, найман хувийг нь АНУ-аас тус тус бүрдүүлжээ. Гэвч дээрхтэй адил эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал БНХАУ-аас хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 40 хувиар, Хонгконгийнх 26 хувиар, АНУ-ынх 57 хувиар буураад байна. Харин ОХУ-аас Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалт есөн хувиар, Европын улс орнуудынх 32 хувиар, Австрали 51 хувиар тус тус өссөн тайлан гараад байгаа ажээ.

Энэхүү үүссэн нөхцөл байдлыг залруулан энэхүү хуулийг УИХ цуцалж Гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хуулийг батлаад удаагүй байна. Өнгөрсөн аравдугаар сард баталсан энэхүү хууль арваннэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байгаа юм. Өмнө нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдад зориулагдаж байсан энэхүү хуулийн зохицуулалтад дотоодын хөрөнгө оруулагчдын хамааруулахаар энэхүү хууль нүүрээ буруулаад байсан хөрөнгө оруулагчдыг эргэн татах болно хэмээн эрх баригчид найдаж байгаа. Эрх баригчдын найдвар хоосон биш байсныг Хонконгийн Хөрөнгө оруулагчдын уулзалт харууллаа. Өнгөрсөн жилийн уулзалттай харьцуулбал оролцогчдын ирц, сонирхол өндөр байсан төдийгүй Монгол Улсын Засгийн газраас ч үнэн бодит, нээлттэй мэдээллээр хангах талд багагүй чармайлт гарган ажилласныг олзуурхан ярьж байна. Ямар ч гэсэн эхний алхмыг хийж чадлаа гэж дүгнэж байна.

Засгийн газраас энэ чиглэлд хийж байгаа ажлыг илүү үр дүнтэй, бодит болгох үүднээс Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулах шийдвэрийг гаргасан.  Шинээр байгуулагдах агентлаг нь хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцлийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, шалгуур хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох зэрэг Хөрөнгө оруулалтын тухай хуулинд заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтын газар нь Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын суурин дээр байгуулагдаж байгаа бөгөөд Хөрөнгө оруулалтын хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн бүртгэлийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын мэдээлэл, статистик гаргах зэрэг зарим чиг үүргээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, зарим чиг үүргийг шинээр хэрэгжүүлэх юм.

Гэхдээ энэ бол шинэ зүйл биш. Гадаадын хөрөнгө оруулалтын агент­лагийг Ерөнхий сайдын чиг үүргийн хүрээнд байгуулж ажиллуулж байсан туршлага бидэнд бий. Нөхцөл байдал эмзэг байгаа энэ үед шинээр эмхлэн байгуулагдах агентлагийг төгс утгаар ажиллуулж чадах эсэхээс хөрөнгө оруулагчид үнэхээр наашаа эргэх үү үгүй юу гэдэг шийдэгдэнэ. Гомдоод явсан эхнэрээ эргүүлэн авчрах эр хүний 13 мэхийг үзүүлэх эсэхээс хөрөнгө оруулалт эргээд нэмэгдэх үү үгүй юу гэдэг шийдэгдэх болчихоод байна.

Хуулиа баталж, энэ хууль цаашид тогтвортой байна гэдгээ Монголын эрх баригчид амлачихсан. Гэвч хууль батлагдаж, агентлаг байгуулагдана гэ­дэг нэг хэрэг. Чухам яаж ажил хэрэг болгохыг л харзнаж, ажиглаж байна.

 Эх сурвалж: “NEWS WEEK” сонин № 39 Д.НАРАНТУЯА

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …