Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганд оролцох үеэрээ үндэсний аюулгүй байдал, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архидалттай тэмцэх уриалга гаргасан билээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх“Бидний зовлонгийн нэг том шалтгаан бол архидан согтуурах, архинд донтох явдал юм. Архидалт хэзээ ч сайн сайхан зүйл дагуулдаггүй. Харин гай зовлон, хагацал, харууслыг л дагуулдаг.
Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Тэгвэл үгүй ээ. Харин архи эрчүүд биднийг, өөрсдийг маань ууж байна. Үр хүүхэдтэй минь, гэр бүлтэй минь, улс үндэстнийг минь ууж байна.
Эх орны маань хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна.“Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэж манай ард түмэн хэлдэг. Үүнийг л бид дор бүрнээ ухаарч, улс үндэстнээрээ тэмцэх цаг болжээ.
Бид байгаль дэлхийгээ хамгаалж, цөлжилттэй тэмцэхийн тулд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Ард түмэн маань ч үүнийг талархан дэмжиж байна. Тэгвэл өнөөдрөөс эхлээд улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлцгээе.
Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, төр засаг, ард түмнээрээ архидалтын эсрэг нэгдэн тэмцэцгээе.
Хань ижлээ, хайртай хүмүүсээ, үр хүүхдээ, гэр бүлээ, эцэг эхээ, эх орноо гэсэн чин сэтгэл танд байдаг бол хатуу бор сархдаас татгалзъя, тэнгэр заяат эрчүүдээ” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Ерөнхийлөгчийн энэхүү уриалгыг иргэд дэмжээд эхэлжээ. Шинэ үеийнхэн архидалтын эсрэг нэгдэж байна.