Г.Болор Монголын анхны эмэгтэй генерал болно


“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган цэргийн дээд генерал цол олгоно. Тэр дундаас Монголын анхны эмэгтэй генерал төрөх аж. Тодруулбал, Батлан хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болорт генерал цол олгохоор болсон байна.

 Г.Болор нь 1994 онд Нийслэлийн 10 жилийн 33 дугаар сургуулийг төгсөн Цэргийн Их сургуульд сонсогчоор элсэн орж амжилттай суралцан, 1999 онд Цахилгаан холбооны инженер, командын офицер мэргэжлээр Онц дүнтэй төгсөж ЗХЖШ-ын Тооцоолох төвөөс ажлын гараагаа эхлэн улмаар БХИС-ийн Холбооны тэнхимд багш, тус сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Холбооны албаны дарга, БХЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн, ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудад  тус тус дэвшин ажиллаж байна. 

Г.Болор нь сонсогч байхаасаа сурлага, эрдэм мэдлэг боловсролоороо тэргүүлж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, хугацаанаасаа өмнө дэслэгч цолоор шагнагдаж, курсын орлогч, Цэргийн их сургуулийн Сонсогчдын холбооны дарга зэрэг сонгуульт ажлуудыг сайн гүйцэтгэж үеийн сонсогчидоо удирдан манлайлж захирагч, дарга нараас цөөнгүй удаа сайшаагдаж байсан.  

2004 онд “Үүрэн ТЛФ холбоог Зэвсэгт хүчинд ашиглах боломж” сэдвээр техникийн ухааны магистрын зэрэг, 2005 онд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн Англи хэлний дунд,гүнзгий шатны дамжаа, 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн англи хэлний багш орчуулагчийн оройн анги, 2007, 2009 онуудад АНУ-ын Батлан хамгаалах хэлний хүрээлэнгийн Англи хэлний багшийн үндсэн дамжаа болон Удирдлагын дамжаа, 2011-2012 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж, 2015 онд ХБНГУ-ын Гармиш хот дахь Олон Улсын Аюулгүй байдлын төв, Цэрэг, стратегийн аюулгүй байдлын дамжаа, 2018 онд АНУ-ын Хавай муж дахь Олон Улсын Аюулгүй байдлын төвийн Олон Улсын Аюулгүй байдлын дамжаа, 2019- 2021 онд Тайваны Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн, Дайны Коллежид Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр зэрэг сургалтуудыг тус тус дүүргэсэн.  

Г. Болор нь Монгол улсаа төлөөлөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд анх 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад явагдсан НҮБ-ийн MINURCAT  ажиллагааны цэргийн хүчний штабт хүний нөөцийн офицероор, 2013 онд Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ийн UNMISS ажиллагааны  хүчний штабт холбооны хэлтсийн даргаар, 2015-2017 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтнээр 2 жил ажиллаж нийтдээ гурван удаа энхийг сахиулах ажиллагаанд явж эх орныхоо даалгаврыг нэр төртэй биелүүлж ирсэн  офицер юм. 

Хурандаа Г.Болор нь олон тохиолын анхдагч бас манлайлагч офицер. Тэрээр цэргийн сургуулийн анхны 6 эмэгтэй сонсогчдийн нэг, АНУ-ын Нисэх хүчний команд штабын коллежийг төгссөн анхны монгол эмэгтэй офицер, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер, НҮБ-ийн Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ийн UNMISS ажиллагааны  хүчний штабын холбооны хэлтсийн даргаар ажилласан анхны эмэгтэй гээд анхны гэх олон тодотголууд түүнд бий. 

Түүнийг 2013 онд Өмнөд Судан улсад НҮБ-ийн UNMISS ажиллагааны  хүчний штабт ажиллаж байх үед тус улсад иргэний дайн дэгдсэн бөгөөд Г. Болор нь өөрийн үндсэн үүрэгт ажлаасаа гадуур Монгол улсын нийт 850 цэргийн алба хаагчтай Мотобуудлагын Батальон болон штабын офицеруудаа хариуцсан Үндэсний ахлах офицероор томилогдон ажилласан төдийгүй Хүчний Командлалын дэргэд эмэгтэйчүүдийн холбоог санаачлан байгуулж Норвеги, Энэтхэг, Кени улсын гурван эмэгтэй офицеруудыг ахлан Өмнөд судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчидтай олон үндэстний нийт  6 цэргийн багт ( Монгол, Энэтхэг, Кени, Хятад, Өмнөд Солонгос, Япон) 6000 гаран км газар нисдэг тэргээр айлчлан ажиллаж дайны цагт эмэгтэй энхийг сахиулагчдын сэтгэл санааг дэмжих, тэдэнд урам зориг өгөх ажлуудыг хийж дараагийн цэргийн багт ирэх эмэгтэй офицеруудын тоог нэмэгдүүлсэн нь НҮБ-ийн 2000 онд гаргасан эмэгтэйчүүдийн манлайллыг аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох эмэгтэйчүүдийн тоог 2%-иас 15% болгон нэмэгдүүлэх тунхаглалыг ажиллагааны газар район дээр хэрэгжүүлж өндөр үр дүн гаргасан хэмээн үнэлэгдэж онцлох үнэлгээтэй офицероор шалгарч Хүчний Штабын даргын тодорхойлолттойгоор үүргээ дуусгаж байжээ.  

Мөн Өмнөд судан улсын иргэний дайны үед хүчний штабын удирдлагын холбоог тасалдуулахгүй түргэн шуурхай ажиллуулах үндсэн ажлын хүрээнд тус ажиллагааны түүхэнд анх удаа Нил мөрөн дээрх усан тээврийн холбоог амжилттай зохион байгуулж халдлагад өртсөн тээврийн усан онгоцнуудтай шуурхай холбоонд орж, байрлалыг тогтоон авран гаргах ажиллагааг явуулах үндсийг хангаж олон арван энхийг сахиулагчдын амь насыг аврахад хувь нэмрээ оруулсан юм. 

2015 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь Энхийг Сахиулах Ажиллагааны газарт ажиллах олон үндэстний офицеруудын сонгон шалгаруулалтад амжилттай оролцон тэнцэж Монгол улсаас НҮБ-ын ЭСАГ-т ажиллах анхны офицероор сонгогдон ажилласан нь Монгол улсын Зэвсэгт хүчний офицерийн нэр хүндийг дэлхийн тавцанд таниулах нэгэн шинэ боломжийг нээсэн юм.  

ЭСАГ-т ажиллах хугацаандаа мөн үүрэгт ажлаасаа гадна НҮБ-ийн энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн албан ёсны цахим хуудсыг нээх болон оны шилдэг эмэгтэй энхийг сахиулагч шалгаруулах ажиллагааг санаачлан НҮБ-ийн нарийн бичгийн дарга Бан Ги Мүүнд уламжласан нь дэмжигдэн биелэлээ олж өнөөдрийг хүртэл уламжлал болон явагдаж байна. Энэхүү санаачлагын үр дүнд эмэгтэй энхийг сахиулагчдын нэр хүнд өссөн төдийгүй үүрэг гүйцэтгэлийн үнэлгээ ч нарийвлан гарах боломж олгогдсон юм. 

Хурандаа Г.Болор нь ийнхүү олон улсын байгууллагад үнэ цэнэтэй ажилтан, офицер байгаад зогсохгүй МУ-ийн ҮБХИС-д холбооны багш, Гадаад хэлний сургалтын төвийн дарга, сургалтын албаны дарга, дэд захирал, сургалтын хэлтсийн дарга зэрэг цэргийн боловсрол олгох шат шатны ажлыг чадварлагаар гүйцэтгэж МУ-ийн цэргийн боловсрол олгох үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч билээ. Өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж түүнийгээ бусдад заан сургаж, үлгэрлэн манлайлж яваа өнөө үеийн боловсролтой, дайчин эмэгтэй судлаач, сурган хүмүүжүүлэгч юм. 

Түүний ажлын амжилт, Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь төр засаг, гадаадын мэргэжлийн байгууллагууд өндрөөр үнэлж, “Цэргийн хүндэт медаль”, “Энхийн төлөө” медаль, “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”, “Эх орны төлөө II, III” медаль, “Дайчин алдар I, II, III” медаль,  “Африкт энхийн төлөө” дурсгалын медаль, НҮБ-ын “Энхийн төлөө” медалиар 3 удаа, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнаж урамшуулсан билээ. 

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …