Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын иргэд ээ!

Эрхэм хүндэт ахмад дайчид аа!

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа!

Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Эх орноо хамгаалагч дайчдаа хүндэтгэн, алдар суу, гавьяат үйлсийг нь мөнхжүүлдэг нь Монголын ард түмэн, төр ёсны бахархалт уламжлал билээ.

Өнө эртнээс эдүгээ хүртэлх түүхэнд монгол цэргийн түүх хүндтэй байр эзэлдэг.

Хоёр мянганы тэртээ төрт улсаа байгуулан, 1206 оны Улаан барс жил Эзэн Богд Чингис хаан Алтайн цаст мөнгөн оргилуудаас Хянганы ногоон нарст уул даваад, Байгал далайгаас Их цагаан хэрэм хүртэл өргөн уудам нутагт аж төрж байсан 30 гаруй овог аймгийг нэгтгэн Их Монгол Улсаа байгуулж, улмаар алдар суут өвөг дээдэс минь дэлхийн талыг эрхшээсэн нь монгол цэргийн түүх билээ.

Монголын нэн шинэ үеийн түүх – 1911 оны Үндэсний чөлөөлөх болон 1921 оны Ардын хувьсгал, Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн, Баруун хил дээрх тулгаралтууд нь шинэ тулгар тусгаар тогтносон Монгол Улсын оршин тогтнохуйн төлөөх тэмцлийн баатарлаг хуудсууд юм.

Чухамдаа монгол цэрэг эх орноо сэтгэл зүрхэндээ тээж, амь биеэ үл хайрлан хамгаалан тэмцэж ирсний үрээр тусгаар тогтнол найдвартай хамгаалагдаж ирсэн билээ.

Зэвсэгт хүчин маань түүхийн бүхий л үед эх оронч үзэл, хүмүүжлийн төв нь байж, мянга мянган эх орончийг эгнээнээсээ төрүүлэн, иргэд, хүүхэд, залуучуудын эх оронч үзлийг төлөвшүүлэх гол хөдөлгөх хүч, манлайлагч нь болж байдагт Монголын төр зүй ёсоор талархаж байдаг билээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 20,356 алба хаагч Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, даян дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөөх үйлсэд хүчин зүтгэлээ.

Үүний үр дүнд манай улс дэлхийн цэрэг хандивлагч тэргүүлэгч орнуудын тоонд зүй ёсоор багтах болсон нь бас нэгэн бахархам үзүүлэлт юм.

Өнөөдөр Зэвсэгт хүчин улсынхаа стратегийн томоохон бүтээн байгуулалтууд болон экологийн доройтол, цөлжилттэй тэмцэх үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцон олон талт үүргээ нэр төртэй биелүүлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд баяртай байна.

Төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид Та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн өндөр бэлтгэлжилттэй мэргэжлийн бие бүрэлдэхүүнтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг бэхжүүлэн хөгжүүлэх зорилго, зорилтуудыг хамтын хүчин чармайлт, идэвх санаачилга, шинэлэг сэтгэлгээ, шинэ арга барилаар амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, цэргийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаа Та бүхний цаашдын албанд амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө хийж бүтээсэн ажил үйлс, байгуулсан алдар гавьяаныхаа тухай дурсан ярилцаж, баяраа тэмдэглэхээр энгэр дүүрэн одон, медальтай, нүүр дүүрэн баярын мишээлтэй хуран цугларсан ахмад буурлууд, бэлтгэл болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч нар, тэдний залгамж халаа болсон нийт бие бүрэлдэхүүнд болон цэрэг дайчдын бат бэх ар тал нь болсон аав, ээж, ахан дүүс, гэр бүл, үр хүүхдүүдэд нь дахин баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол төрийн багана бат бэх оршиж,

Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадартугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …