Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Лондон 2012” Олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг болон “Токио 2020” Олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа нар Сонгинохайрхан дүүргийн “Өнөр цогцолбор” сургуулийн сурагчидтай халуун дотно яриа өрнүүлж, чөлөөт бөхийн мэх, ур чадвараасаа хуваалцаж, хамтдаа дасгал сургуулилт хийн чөлөөт бөхийн спортыг сурталчиллаа.
Волейбол, сагсан бөмбөгийн спортоор Архангай аймагт хичээллэж байсан 16 настай охин С.Батцэцэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа телевизээр гарч буй чөлөөт бөхийн тамирчин охидын медаль авч байхыг харснаар чөлөөт бөхийн спортоор хичээллэх сэдэл төрсөн боловч түүний анхны багш өөрийн секцэд оруулахаас татгалзаж байсан аж.
Гэвч тэрбээр үүнд шантралгүй спортоор үргэлжлүүлэн хичээллэсээр, нэгэн удаа багш дээрээ очин секцэд явж байгаа бүх хүүхдийг ялбал секцэндээ оруулах хүсэлт тавьж, улмаар бүгдийг ялснаар чөлөөт бөхийн спортоор хичээллэх зам нь нээгджээ.
С.Батцэцэгийн хувьд гадаадын тэмцээн уралдаанд дотоодын тэмцээнийг бодвол илүү амжилттай сайн барилддаг бөгөөд олон мэх мэддэг байх хэрэгтэйг зөвлөв.
Мөн “Тухайн тамирчныхаа онцлогт тааруулж барилдаанаа гаргадаг, багш нар маань сараар, 4 жилээр бэлтгэлийн, тэмцээн уралдааны төлөвлөгөө гаргасан байдаг. Үүнийг үндэслэн тухайн тамирчин өөрийн хувийн төлөвлөгөөгөө гаргадаг. Та нартаа захиж хэлэхэд зорилгоо том тавих хэрэгтэй, түүний төлөө тасралтгүй тууштай явбал хүрэхгүй оргил гэж байхгүй” гэж сурагчид, тамирчдыг зоригжуулан, зөвлөмж өглөө.
Б. Болортуяагийн хувьд 2014 онд 14 настайдаа шинэ клуб нээгдэхэд нь найзуудтайгаа хамт очиж чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлжээ.
Тэрээр хэлэхдээ “Жижиг гэлтгүй бие халаалтыг сайн хийвэл бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Бэртэлтэй үед ч формоо алдахгүйг хичээдэг. Хөнгөн жинд барилддаг учраас маш өрсөлдөөнтэй, хэн нь ч ялагч болох магадлалтай болохоор байнгын хөдөлгөөнтэй, хурдтай байх ёстой.Өрсөлдөгч тамирчид болгон өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул Япон тамирчин уян зөөлөн гэх мэт бүгдийг нь урьдчилан судалж, багштайгаа зөвлөж барилдааны тактикаа боловсруулдаг. Гэхдээ би өөрөө энэ мэхийг түрүүлж хийх ёстой гэдэг дээр сайн ажилладаг, ихэвчлэн хөл авдаг” хэмээн өөрийн тактик, туршлагаасаа хуваалцлаа.
“Ковид-19 цар тахлын улмаас хөл хорионд орж гэртээ бэлтгэлээ хангасан, бэлтгэл хангагч байхгүй, олимпод оролцох тамирчид хоорондоо бэлтгэл хийсэн нь жингийн хувьд зөрүүтэй тул хүндрэлтэй байсан, гаднаас хүн оруулахгүй орчинд халдвар авсан аваагүйгээр ялгарч бэлтгэлээ хийх, Олимпын наадам нэг жилээр хойшилсон зэрэг нь тамирчдын хувьд маш хүндрэлтэй байсан. Бэлтгэлээ тасралтгүй хийж, эх орныхоо нэрийг гаргасандаа баяртай байна. Цар тахлын хүндхэн нөхцөлд баг тамирчдад хоол зүйч, сэтгэл зүйч, массажист зэрэг мэргэжлийн хүмүүс биднийг түлхүү дэмжин ажилласанд холбогдох газрууддаа баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлэв.
Түүнчлэн өсвөрийн тамирчдын тэмцээнд түрүүлсэн тамирчид болон секцний тамирчид Олимпын медальт Б.Болортуяатай хамт дэвжээн дээр бие халаалт хийн, чөлөөт бөхийн мэх давтсаныг Сонгинохайрхан дүүргийн “Сараево” Олимпын зөвлөлийн дарга, ОУ-ын хэмжээний шүүгч Л.Болормаа тайлбарлаж, онооны системийн талаар мэдээлэл өгөв.