Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Наркологийн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, эмч, ажилтнуудтай уулзлаа. Уулзалтын үеэр эмнэлгүүд болон эмч мэргэжилтнүүдэд тулгамдсан асуудал, түүнээс гарах шийдлийн талаар ярилцсаны сацуу ажил мэргэжилдээ хошуучлагчдад шагнал гардуулсан юм.
Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь НЭМГ-ын харьяанд ажилладаг, 23 дахь жилдээ архинд донтох эмгэгийн эмчилгээ, үйлчилгээ болон тамхинаас гаргах, мансууруулах болон сэтгэцэд идэвхт бодисын донтолтын эмчилгээ хийж буй эмнэлэг юм.
Нийслэлийн хэмжээнд ганцхан байдаг энэ эмнэлэг 50 ортой, сард ойролцоогоор 164-192 хүн, жилд 1500-2000 хүнийг хэвтүүлэн эмчилдэг аж. Тус эмнэлэг 38 эмч, ажилтантай.
Эмч, ажилтнуудаа удирдан чиглүүлж, хуримтлуулсан туршлагаа бусдадаа түгээн ажилладаг Наркологийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболорыг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. “Хүндэт тэмдэг” болон Хотын даргын гарын бэлэг, мэндчилгээг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө гардуулан өгсөн юм. Д.Чулуунболор мэргэжлээрээ 24 дэх жилдээ, Наркологийн эмнэлэгтээ найм дахь жилдээ ажиллаж буй юм.
Харин Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв 102 эмч, 135 сувилагч, эмнэлгийн туслах 130 ажилтантай. Өрхийн эрүүл мэндийн төвтэйгээ нийлээд 500 гаруй эмнэлгийн ажилтан Чингэлтэй дүүргийн нийт хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Тэдгээр эмч нараа тэргүүлэн ажиллаж буй тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзоригийг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Цагаан нөмрөгт баатрууд эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, мэргэшигч эмч та бүхэндээ Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын хүнд үед эмч, эмнэлгийн ажилтнууд нойр хоолгүй хичээн зүтгэж ажилласныг хэн бүхэн мэдэж байгаа. Одоо ч эмч нар маань томуу, томуу төст өвчний дэгдэлтээс болж мөн л ачаалал өндөртэй ажиллаж байна. Хүндхэн цаг үеийг хичээл зүтгэлээр давж буй цаг үед эмч нартаа урам дэм өгөх үүднээс шилдэг эмч нарт Хотын даргын гарын бэлэг болон “Хүндэт тэмдэг” гардууллаа. Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын ажлын ачаалал, цалин мөнгө, нийгмийн асуудалд онцгой анхаарах шаардлага үүсэж байгаа. Энэ бүхнийг шат дараатай шийдэх юм” гэлээ.