Тагнуулын ерөнхий газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийлээ.
ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр: Тагнуулын байгууллагаас шалгаж буй зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгье. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаар иргэн итгэл үнэмшилтэй бол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан. Тэгвэл энэхүү эдлэх эрхийн хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун, өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалттай этгээдүүдийг тагнуулын байгууллагаас шалгаж байна.
Тодруулбал, тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Дээрх этгээдүүд нь экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан бөгөөд тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл илэрсэн.
Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 ширхэг галт зэвсэг илэрсэн. Үүнд, АК-47 маркийн серийн дугаарыг нь зориудаар арилгасан автомат буу, вальтер маркийн гар буу нэг ширхэг, ТТ-50 маркийн гар буу нэг ширхэг, бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг тус тус байсан. Үүнээс гадна 7.62 мм-ийн байлдааны сум 274 ширхэг, 6.5 мм-ийн сум 82 ширхэг, 223 мм-ийн сум 149 ширхэг, 5.6 мм-ийн сум 291 ширхэг, 12 мм-ийн сум 57 ширхэг, 16 мм-ийн сум 14 ширхэг буюу нийт 861 ширхэг сум болон тэсэрч дэлбэрэх зэвсгийг хураасан.
Уг этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн.
Хэргийн нэг холбогдогч хууль бус үйл ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудан хүнд гэмтэл учруулсан. Үүнийг тагнуулын байгууллага нэгтгэн шалгаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд Н.Баасанцогт нарын эзэмшлийн галт зэвсэг илэрсэн учир гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр баривчилсан.
Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй тайван жагсаал цуглааны үеэр зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл, тэсэрч, дэлбэрэх хэрэгсэл ашиглан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх, гэмт хэрэг үйлдэх, санаа зорилго бүхий бүлэг этгээдүүд байхыг үгүйсгэхгүй.
Тиймээс иргэд та бүхэн жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, бусдын өдөөн хатгалгад автахгүй байхыг Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.