Б.Марал-Эрдэнэ: Мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн шилдэг офицер болохын төлөө хичээх болно

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 101 жилийг тохиолдуулан төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэхээр суралцаж байгаа сонсогчдоос эрдэм мэдлэг, оюун ухаанаараа ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч Б.Марал-Эрдэнэ манлайллаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналыг хүртсэн анхны сонсогч болсон юм.

Анхдагч хэмээх тодотголоор түүхийн шинэ хуудсанд бичигдлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

 Баярлалаа. Маш их баяртай байна. Үргэлж намайг дэмжиж, тусалж байдаг их сургуулийн болон бүрэлдэхүүн сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар, хайртай аав, ээж, гэр бүл, найз нөхдийнхөө гавьяагаар энэхүү шагналын эзэн боллоо.  Цаашдаа илүү их хичээх, зорьсон амжилтаа гаргах урам зориг, үүрэг хариуцлага ирлээ гэж бодож байна.

Таны хувьд “Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба” мэргэжлийг эзэмшиж байгаа төгсөх курсын сонсогч. Онцгой байдлын албыг сонгон суралцах шалтгаан юу байв?

 –Манай аав Дотоодын цэргийн байгууллагад насаараа ажилласан. Аав шигээ дүрэмт хувцас өмссөн цэргийн хүн, үлгэр жишээч шилдэг офицер эмэгтэй болно доо гэж мөрөөддөг байсан. Багын энэ мөрөөдлөө биелүүлэх гээд өөрийн чадах бүхнээ хийх ирмүүн их хүслээр суралцаж байна. Суралцах хугацаандаа улсын болоод сургуулийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бүхий л арга хэмжээнд өөрийгөө дайчлан амжилттай оролцож байгаа. Онцгой байдлын алба нь эрчимтэй хөгжиж, үйлчлэх хүрээ нь өргөжин тэлсээр зөвхөн гал, үер ус гэлтгүй бүх төрлийн гамшиг, аюулт үзэгдэл, ослоос ард иргэдийг авран хамгаалж, гамшигтай тэмцэж байгаа нь сонгон суралцах шалтгаан болсон. Хэн нэгний хөлсөө дуслуулан бүтээсэн эд хөрөнгө, хамгаас хайртай гэр бүлийг нь авран хамгаалж байгаа эрэлхэг зоригтой Онцгой байдлын алба хаагчдаараа бахархмаар, үнэхээр сайхан байдаг.

Эрдэм шинжилгээ, судалгаа гээд бүх төрлийн уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцдог гэсэн. Оюутан болсноосоо хойш үзүүлсэн амжилтаар нь яриагаа үргэлжлүүлье?

  Сургуулиас болон бусад байгууллагаас зохион байгуулагдаж байгаа эрдэм шинжилгээ, илтгэлийн уралдаан бүрт оролцож өөрийгөө сорихыг хичээдэг. Мэдлэгээ нэмэгдүүлэхийн хирээр илтгэх ур чадвараа давхар сайжруулдаг учраас олон талын ач холбогдолтой. Хамгийн сүүлд, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан эрдэм шинжилгээ, илтгэлийн уралдаанд Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), дэд хурандаа Б.Энхтүвшин багшийн удирдлаган дор оролцсон. Тус уралдаанд “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах математик загвар” сэдвээр төсөл бичин амжилттай оролцож, хамтран ажиллах санал авсан. Мөн “Онцгой байдлын сургуулийн тэргүүний сонсогч”-оор шалгаран Хурандаа Т.Лхамжав сангийн нэрэмжит шагналын эзэн болсон.

-Зөвхөн судалгаа, шинжилгээ гэлтгүй спортын авьяастай сонсогч гэж таныг тодорхойлж байсан?

  Нэгдүгээр ангид байхад аав, ээж хоёр маань “Хос морь” шатрын клубт оруулж өгч байсан. Тухайн жилээс хойш сургууль, аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож, V ангийн сурагч байхдаа нэгдүгээр зэрэгтэй тамирчин болсон. Сурсан бүхэн эрдэм шүү дээ. Тийм болохоор шатрын тэмцээн уралдаанд бас тогтмол оролцдог.

Төгсөөд хамгийн эхэнд хийхээр төлөвлөж байгаа ажил юу вэ?

Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар Улаанбаатар хотод ажиллах сонирхолтой байна. /инээв/

Оюутан болохоор энэ мэргэжлийг сонгож байгаа болон суралцаж байгаа сонсогч дүү нартаа юу гэж захимаар байна?

Энэ мэргэжлийг сонгож цэргийн сургуульд орохоор шийдсэн л бол одооноос шантралгүй зүтгэж өөрийгөө бүхий л талаар нь дайчлан, хичээл номдоо шамдаарай. Санаж явбал бүтнэ, сажилж явахад хүрнэ гэдэг шиг санаанд чинь багтаж л байвал хэзээ ч битгий шантраарай, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцээрэй л гэж хэлмээр байна даа.

-Эмэгтэй хүн ямар байгаасай гэж бодож, түүнийгээ биелүүлэх гэж хичээж байна.Тэр дундаа цэргийн эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

  Элдэв гоёл чимэглэл, өмссөн хувцсаараа бус өөрийнхөө дүр төрхөөр онцгойрдог байвал үнэ цэнэтэй шүү дээ. Мөн мэдлэг боловсрол, ур чадвар, хайр цацруулсан инээмсэглэлээрээ бусдын хайрыг татаж очсон газар бүртээ хүндлэгддэг гэж боддог. Энэ зарчмын дагуу эдээр бус эрдэм номоор өөрийгөө чимэх гэж хичээж явдаг даа.

-Таны хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?

 Миний хамгийн том гангараа бол үргэлж намайг дэмжиж тусалдаг аав, ээж, унахад минь түшээд босгодог найз нөхөд, эрдэм номын их далайд сургаж байгаа их сургууль, эрдэмтэн багш нар минь.

-Нүд дүүрэн инээмсэглэсэн, нүүрний баясгалантай, яруу тод дуутай гээд гоё чанаруудыг анх уулзаад л мэдэрлээ. Өөрийг тань тодорхойлдог зан чанар гэвэл…?

 Өөрийн минь өдөр муухай байсан ч бусдын өдрийг муухай болгохгүй ээ гэдэг шиг очсон газар бүртээ инээмсэглэж, дутууг нь дүүргэж, мэддэг зүйлээ бусдадаа хуваалцдаг сайн зөвлөгч байхыг хичээдэг.

-Нэлээд хэрсүү бас адтай юм. Ингэхэд айлын хэддэх хүүхэд вэ?

 Би Орхон аймагт төрж, өссөн. Айлын дунд хүүхэд. Ах, дүү хоёртой. Айлын ганц охин. Аав С.Булган маань насаараа дотоодын цэрэгт, ээж Б.Алтантуяа боловсролын байгууллагад ажилласан. Ах маань аавынхаа залгамж халаа болж Дотоодын цэрэгт ажиллаж байгаа. Харин дүү маань энэ жил есдүгээр ангийн сурагч.Миний төлөө бүхнээ зориулдаг, арыг минь бат даадаг аав, ээжтэй учраас хичээлээсээ өөр зүйлд санаа зовж үзээгүй ээ.

Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

 Шинэ зүйлийг туршиж, өөрийгөө бүх талаар л хөгжүүлэхийг хичээдэг. Сүүлийн үед компьютерийн программ дээр ажиллаж сурч байгаа. Зураг янзлах, бичлэг эвлүүлэх гэх мэтээр бичлэг үзээд л дагаж хийдэг дээ.

-Мөрөөдлөөс мөрөөдөл, зорилгоос зорилт бий болдог. Чиний ирээдүйн зорилго юу вэ?

  Гадаад болон дотоодын их сургуулиудад суралцахын зэрэгцээ Онцгой байдлын байгууллагадаа хувиршгүй сэтгэлээр зүтгэж, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн шилдэг офицер болохын төлөө хичээж байна. Энэхүү шагналыг олгож итгэл хүлээлгэсэн Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болон их сургуулийн удирдлага, эрдэмтэн багш, хайртай аав, ээждээ маш их баярлаж байгаагаа энэхүү дашрамд хэлмээр байна.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …