Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арно Хекмантэй уулзаж, Улаанбаатар хотын дагуул хотуудын талаар санал солилцлоо. Уулзалтад мөн Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцсон юм.
Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Улаанбаатарыг олон төвт хот болгон хөгжүүлэх бөгөөд дагуул хотуудыг эдийн засгийн тусгай бүс болгоход нийслэлийн удирдлагуудын зүгээс анхаарч ажиллаж байгаа.
Шинэ дагуул хотуудыг байгуулснаар Улаанбаатар хотын эдийн засгийг тэлэх, төвлөрлийг сааруулах боломжтой. Үүнд мэдээж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй” хэмээж байв.
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын төлөөллүүд шинэ дагуул хотуудын төслийн талаар танилцуулж, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арно Хекманы сонирхсон асуултад хариуллаа. Танилцуулгын дараа Арно Хекман “Шинэ дагуул хотуудын төслийг ач холбогдлоор нь сайтар эрэмбэлсэн байна. Дагуул хотуудыг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй. Үүнээс гадна дагуул хот хоорондын уялдаа холбоо чухал тул энэ тал дээр түлхүү анхаарч ажиллаасай. Азийн хөгжлийн банкны зүгээс нийслэлийн удирдлагуудтай, НЗДТГ-тай хамтран томоохон төслүүдийг тууштай хэрэгжүүлэх бодлого барьж байгаа” хэмээн онцоллоо.
Мөн Азийн хөгжлийн банкны зүгээс гэр хороолол руу чиглэсэн төсөл, хөтөлбөр болоод гэр хорооллыг дахин төлөвлөх төслүүдийг дэмжин ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Нийслэлийн удирдлагуудын зүгээс ч гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг орхигдуулалгүй, анхаарч ажиллах болно гэдгээ тодотголоо.