Баянзүрх дүүргийн удирдлагын баг 7 хоног бүрийн нэг өдөр иргэдтэй уулздаг уламжлалтай. Энэ хүрээнд өнөөдөр 50 гаруй иргэнтэй уулзлаа. Уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх хувь нь газрын маргаан, байрны дулаалга, засвар, гарааш буулгалт зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлсэн. Мөн ногоон хөгжил буюу мод тарих, хогны асуудал зэргийг хөндлөө.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ“Баянзүрх дүүрэг хоггүй иргэндээ ээлтэй, эко дүүрэг болохыг зорьж байгаа. Үүний тулд бид 20-30 га талбайд мод тарих нэгдсэн талбай гаргаж өгөхөөр төлөвлөсөн. Харин хогны асуудлын тухайд бид нэг өдрийн дотор шууд шийдэгдэхгүй. Хоггүй болохын тулд төр-иргэн хамтдаа хичээж, иргэд хогийн цэгт хогоо хаяхгүйгээр ил задгай хог хаяж байгаа нэгнээ ойлгуулж нэг нэгэндээ зөвлөгөө өгдөг байх ёстой.
Харин төрийн зүгээс хогийн цэгүүдээ тогтмол цэвэрлэж, дүүрэг орон нутгаа цэвэр цэмцгэр байлгахын тулд иргэдтэйгээ хамтарч манлайлал үзүүлдэг байх ёстой. Тэр ч утгаараа 4-р сарын 23-нд Хаврын их цэвэрлэгээг хийнэ. Бид хогийн цэг, уут, бээлий гээд бүх шаардлагатай зүйлсийг бэлдсэн. Хорооны Засаг дарга, холбогдох хэсгийн ахлагч ажилтан алба хаагчдаас мэдээлэл авч дүүрэг орон нутагтайгаа хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.
Мэргэжлийн байгууллага, алба хэлтсийн зүгээс холбогдох зарим асуудалд заавар зөвлөгөөг өгсөн. Тухайлбал гарааш буулгалттай холбоотой асуудлаар газрын албанаас хуулийн тайлбар өглөө. Мөн дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс бизнес эрхлэхэд хүндрэл учирсан зарим иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг хүргэж ажиллалаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.