“Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ТББ МУИС-тай санамж бичиг байгууллаа

“Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ МУИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

“Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ нь Харилцаа холбоо, мэдээллийн технологи, тэр дотроо утас болон интернетийн шугам, радио-телевиз болон утсан холбооны чиглэлээр мэргэшсэн инженерүүдийн судалгаа сургалтыг дэмжих, техник технологийн мэргэжилтний мэдлэгийг ахиулах, академик болон практик мэдлэгт хувь нэмрээ оруулахад оршдог.

Иймд “МОСДХ” ТББ нь жилээс жилд бодлогын түвшинд хүрээгээ тэлж, хоёроос гурван салбарт бодлогоо хэрэгжүүлж байна. Тухайлбал мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж байгаа Их, Дээд сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаа нь ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг Их, дээд сургуулиас нь бэлтгэн гаргахад оршиж байгаа юм.

Санамж бичгийг “Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Пүрэвням, МУИС-ын захирал Б.Очирхуяг нар үзэглэв.

МУИС-ийн захирал Б.Очирхуяг : Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нэн тэргүүнд нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтарч контент хийнэ. Хоёрдугаарт Мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг чадавхижуулах чиглэлээр ажиллана. МУИС-ийн үндсэн үүргийн нэг бол монгол улсад мэдлэг мэдээллийг түгээх юм. Тэр ч утгаараа “МОСДХ” ТББ-тай хамтран ажилласнаар орчин үеийн технологийн шинэ дэвшлийг сургалтынхаа хөтөлбөрт суулгах, энэхүү технологийг харилцан хөгжүүлэх, сургуулийнхаа суралцагсдыг энэ чиглэлээр дадлага хийх боломжийг олгох юм.

МОСДХ-ны Удирдах зөвлөлийн дарга Ц.Пүрэвням:МОСДХ жилээс жилд бодлогын түвшинд хоёроос гурван салбарт бодлогоо тэлж, хэрэгжүүлж байна. Үүний нэг салбар нь мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж байгаа Их, Дээд сургуулиуд юм. Урьд нь Их, Дээд сургуулиуд зөвхөн оюутнаа бэлтгээд ажлын байран дээр гаргаад явдаг байсан. Тэгвэл өнөөдөр дэлхийн жишгээр Монгол улсад ч тэр ажиллах хүчний зах зээл дээр ямар боловсон хүчин төгсөөд ямар чадварыг эзэмшсэн байх ёстой гэдгийг Их сургуулийн түвшинд ярьдаг болсон.

Иймд “МОСДХ” ТББ-аас ямар чадварыг эзэмшсэн оюутан, төгсөөд шууд ажлын байран дээр гарч ажиллахад хүндрэлгүй, чадварлаг боловсон хүчин байх тал дээр бодлогын түвшинд ярилцаад санамж бичгийг байгуулж байна. Мөн төгсөгчдийг ажлын байраар хангах асуудлыг ярьж байгаа төдийгүй цаашид боловсролын байгууллагад улам бүр хүрээгээ тэлж, чадварлаг боловсон хүчнийг Их, дээд сургуулиас нь бэлтгэн гаргах болно.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон суваг дамжуулагч үйлчилгээ эрхлэгчдийн шинээр орж буй ажилтан албан хаагч, хүний нөөцийн чадамжийг сайжруулах, чадавхижуулах, салбарын олон төрлийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа оюутнуудыг хөрвөх чадвартай, онол дадлага хосолсон мэдлэг мэдээлэлтэй мэргэжилтэн болгох, мөн сургуулиудын материаллаг бааз хангамжийг сайжруулах хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …