Танин мэдэхүй: Өрнийн их сэтгэгч Фалес /Тhales, НТӨ, 640/624 – 548/545/

download (3)Намтар: Фалес ойролцоогоор МЭӨ 640/624 оны үед Ион буюу орчин цагийн Туркийн баруун хэсэг дэх Милет хотод төржээ. Энэхүү сэтгэгчийг өрнөдийн  философийн эцэг хэмээн нэрлэдэг. Байгалийн шинжлэх ухааны үндсийг ч мөн  Фалес анх бий болгосон гэж үздэг. Тухайн цаг үед хүмүүс байгалийн элдэв үзэгдэл, үйл явцын учир шалтгааныг  ямар нэг бурхан тэнгэртэй холбож ойлгодог байсан  сэтгэлгээг Фалес үндсээр нь өөрчилж, байгалийн элдэв үзэгдэл, үйл явцын мөн чанарыг  юмсын зүй тогтолтой холбон тайлбарласан анхны сэтгэгч юм. Түүнчлэн Фалесыг Эртний Грекийн долоон мэргэний анхдагч хэмээдэг. Ингэж үзэх болсон ч  учиртай. Нэгэнтээ Грекчүүд өөрсдийнхөө дунд амьдарч байгаа хүмүүсээс  хамгийн ухаант мэргэнийг тодруулан, шижир алтаар урласан номын тавиур гардуулахаар тогтжээ. Ингээд удирдагчдын зөвлөл шийдвэрээ гаргаж мөнхүү бэлгээ Фалест хүргүүлсэн байна. Гэвч Фалес даруу зан гаргаж, өөр нэгэн ухаант хүнийг нэрлээд “Тэр л энэ бэлгийг авах ёстой” хэмээн буцаажээ. Гэтэл мөнөөх ухаантан гурав дахь мэргэнийг нэрлэв. Ийнхүү үнэт бэлэг долоон мэргэнийг дамжсаны эцэст эргээд л Фалест очсон гэдэг домог байдаг.

Фалес бол Оливийн тосны худалдаачин, математикч, физикч, одон орон судлаач, улс төрч, сэтгэгч нэгэн байжээ. Өнөөгийн бидний  хэрэглэж буй цаг тооны хуанли буюу 1 жилд 365 хоног  буюу 12 сар, нэг сард 30 хоног байдгыг тэр л  анх тооцоолон гаргасан төдийгүй  өдөр шөнийн тэнцэх мөч, сар нь нарны тусламжтайгаар гэрэлтдэг болохыг тэр л  тогтоожээ.Тэрээр НТӨ 585 оны тавдугаар сарын 28-нд болох нар хиртэлтийг урьдчилан тооцоолсон гэдэг. Нар хиртэнэ гэдэг нь нарыг, сар халхалж буй явдал болохыг анх түрүүн тэрээр баталж, диаметр нь тойргийг хоёр тэнцүү хэсэгт хуваадгийг анх нотлон, тэнцүү талт гурвалжны бүх өнцөг адил хэмтэй өнцгүүд үүсгэдгийг эхлэж томъёолсон ажээ.

“Эхлэлийн тухай”, “Нарны байдлын тухай”,  Далайн одон зурхай”, “Өдөр шөнө тэнцэхийн тухай” гэх зэрэг зохиол бичсэн  боловч  харамсалтай нь бидэнд Фалесийн ямар нэгэн зохиол өвлөгдөн ирээгүй билээ.Фалес насан туршаа орь ганцаар аж төрж, нас хэвийх үедээ улс төрийн аливаа хэрэгт өчүүхэн ч анхаарал хандуулаагүй  амьдарсан гэдэг.

Хойч үеийн нь мэргэд Фалесыг тун өндрөөр үнэлсэн байдаг. Аристотельтүүнийг “Эртний Грекийн анхны философич” гэсэн бол, Цицерон “ерөөсөө гүн ухаан Фалесаас эхэлсэн. Тэр анхных нь байв” хэмээсэн удаатай. Чухамхүү энэ үгсээр үндэслэн түүнийг дэлхийн анхны филисофич гэж онцгойлдог билээ.

Үзэл санаа: Фалес ертөнцийн аливаа юмс үзэгдэл үүсэхдээ ямар нэгэн материаллаг зүйлээс эх авсан байх үндэстэй гэдгийг анхлан дурьдаж байснаараа материйн талаарх үзлийн үндсийг тавигч байсан юм.

Тэрээр аливаа юмс олон янз байдгийн анхдагч үндэс бол “ус” юм гэж үзэж байжээ. Хэзээ ч үүсдэггүй, бас хэзээ ч устдаггүй, мөнхийн зүйл бол ус гээд, гэхдээ энэ ус бол зүгээр, энгийн бус биш, анхдагч, ухаалаг, бурханлаг ус юм. Тэгэхлээр ертөнц усаар дүүрэн байгаа нь бурханаар дүүрэн байна гэсэн үг, усан дээр бүх зүйл хөвдөг шиг, бурхан хүч, хөдөлгөөний эх сурвалжийг өөртөө агуулж байдаг. Бурхан-тэнгэр орчлонд оюун ухаанаар дамжин биеждэг тул орчлонгийн бурхан бол цэцэн ухаан мөн гэх мэтээр үзэж байжээ. “Ус бол бүхний эх. Бүх амьд амьтдын шим тэжээлд ус ордог. Уснаас дулаан үүдэлтэй” гэж  хожмоо агуу сэтгэгч Аристотель, Фалесийн “усыг бүхний эх” гэсэн үзлийг тайлбарлан бичсэн  байдаг.

Түүний,  ертөнцийн үүслийг бүрдүүлэгч анхдагч материйн талаарх үзлийг  шавь нар нь үргэлжлүүлэн ус биш  апейрон /Анаксимандр/, агаар /Анаксимен/ хэмээн боловсруулж байв.

Онч үг:

Цэц булаалдах дуртай тэр үеийн хүмүүс нэг удаа:

-Амьдрал үхлээс ямар ялгаатай вэ? гэж Фалесаас асуугаад,

-Ямарч ялгаагүй гэхэд нь,

-Тэгээд чи яагаад үхэхгүй байгаа юм бэ? хэмээн мохоохыг оролдоход,Фалес:

-Ялгаагүй юм чинь, надад үхэх хэрэг юу байна? гэж инээмсэглэн хариулсан гэдэг.

  •  Хамгийн шилдэгт өөрөө  суралц, хамгаас шилдэгт бусдыг сурга.
  • Хамгийн хэцүү зүйл бол өөрийгөө таних, хамгаас амар зүйл бол бусдад зөвлөгөө өгөх, хамгийн сайхан зүйл бол  хүссэндээ хүрэх
  • …олон үг хэрэггүй, харин нэг ухаалаг, сайхан бөгөөд  сэтгэлтэй үгийг олж хэлэх нь чухал.
  • Юу хамгаас уудам бэ?

– Бүхнийг бүтээгч орон зай

Юу хамгаас мэргэн бэ?

– Цаг хугацаа, учир нь тэр л ганцаараа бүхнийг нээдэг

Юу хамгаас хэцүү вэ?

– Өөрөө өөрийгөө таних

Юу амархан бэ?

– Бусдад зөвлөгөө өгөх

Ямар хүн аз жаргалтай вэ?

– Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билиг авьяасаа хөгжүүлж буй бол тэр чухам жаргалтай ажээ.

Бүхнээс гайхамшиг юу вэ?

– Бурханы бүтээл ертөнц юм.

Бүхнээс хурдан юу вэ?

– Бүхнээс хурдан нь ухаан юм. Тэр бүхнээс тэргүүлдэг

Бүхний хувьд юу нийтлэг вэ?

– Итгэл, хэнд юу ч байхгүй ч итгэл байдаг.

  • Хэн муу үйл хийнэ, тэр бурхны хараанаас хэзээ ч нуугдаж чадахгүй, тэр ч байтугай өөрийнхөө санааг ч түүнээс нууж чадахгүй

 

Бэлтгэсэн:  Ц.Мөнх

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …