Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан.
Цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх зэрэг асуудлаар ажлын хэсэг хуралдлаа.
Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг ажлыг эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан стратеги төлөвлөгөө гаргах шаардлагатайг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хуралдааны үеэр санууллаа.
Харин тус ажлыг гүйцэтгэх санхүүжилтийг зөвхөн төсвөөс харах бус олон улсын байгууллагатай хамтран шийдэх гарц, боломжийг эрэлхийлэх асуудлыг Усны газрын дарга Ш.Мягмарт үүрэг болгов.
Түүнээс гадна Хөвсгөл нууранд живсэн техник хэрэгслийг татан гаргах ажиллагаанд ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж,шинжлэх ухаанд тулгуурлан эрсдэлийг тооцон судалгааг эхлүүлж, байршлыг тогтоон, баталгаажуулах ажлыг нэн яаралтай эхлүүлэхээр ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар тогтлоо.