Засгийн Газрын дөрөвдүгээр сарын 15-ний ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэр нь төр, төрийн өмчит, уул уурхай, газрын тосны салбарын ажилтнуудын НДШ-ийн хөнгөлөлтийг орхигдуулан ялгаварласан нь Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гэдгийг МҮЭ-ийн Холбооны удирдлагууд илэрхийллээ.
Өнгөрсөн хугацаанд МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт ТҮ1-12 ажилтнуудын тулгамдсан асуудал, иргэд, хөдөлмөрчдийн цалин орлогыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах саналыг хүргүүлж энэ оны улсын төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг шаардсан.
Тэгвэл өнөөдөр /2022.04.20/ МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж байр сууриа дахин илэрхийлж, УИХ, Засгийн газарт Улсын төсвийн тодотголын хүрээнд тодорхой саналуудыг хүргүүллээ.
Үүнд:
-Төрийн үйлчилгээний 1-12 ангилал, зэрэглэлээр цалинждаг ажилтнуудын цалин олговрыг нь ялгаварлалгүй тогтоож, нэмэгдүүлэх, төсвийн хуваарийг салбарын яамдад шилжүүлэх
-Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 дахь заалтыг хүчингүй болгон бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэвийн хэмжээнд оруулах асуудлыг яаралтай горимоор хэлэлцүүлэх
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 дахь заалтыг хүчингүй болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохтой холбогдсон зардлыг төсвийн тодотголд тусгах
-Иргэд, хөдөлмөрчдийн цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх
-Үнийн өсөлтийн хамтарсан зөвлөл байгуулж, олон нийтийн хяналтыг тавих
-Дундаж цалингаас доогуур орлоготой иргэдийн цалин, орлогыг ХХОАТ-аас чөлөөлөх
Нийгмийн даатгалын санд шимтгэл төлж буй аж ахуй нэгж, байгууллагын ажиллагсад иргэдийг төсвийн боломжоос хамаарч тодорхой орлогын хэмжээ дундаж цалин хөлс хүртэлх орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийт даатгал төлөгчдийг хамруулан хөнгөлөх хүртэл МҮЭ-ийн холбоо тэмцэл шаардлагаа үргэлжлүүлсээр байх болно гэдгээ илэрхийллээ.