Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022 форум хэлэлцүүлэг болж байна. Форумын ерөнхий зохион байгуулагчаар НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Экспорт олон улсын худалдааны төв, хамтран зохион байгуулагчаар Европын банк, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, Нэгдсэн үндэсний байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага Юнидо, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Хөгжлийн шийдэл ТББ ажиллалаа.
Шинжлэх ухаан, технологи, инновацын үр дүнд бий болсон шинэлэг санаа, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчилж, тухайн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, инновацын салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр дүнг гаргах нь тус форумын үндсэн зорилго.
Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Нийслэл Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийнэ гэдэг өөрийн эрхэлж буй бизнес, нийгэмд хөрөнгө оруулж буй хэрэг юм. Хотод болоод хотын өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдтэй хэрхэн хамтарч ажиллах, татварын болоод бодлогын дэмжлэгүүд, зохицуулалтуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нарийвчлан зааж өгсөн. Улаанбаатар хот цаашдаа ажиллаж, амьдрах арга ухаанаа шинэчлэх гэж хичээж байгаа. Үүний суурь шинэчлэл нь дээр дурдсан хууль билээ. Хотын эдийн засгийг өнгөрсөн хугацаанд маш бага ярьсан. Хотын эдийн засгийг бэхжүүлж, томруулагч нь хувийн хэвшлийнхэн та бүхэн. Хувийн хэвшлийн оролцоогүйгээр эдийн засаг тэлэх боломжгүй. Улаанбаатар хотын эдийн засаг бол нэгэн төрлийн Оюутолгой. Гэтэл үүнийг огт анхаарч, анзаарч ярьдаггүй нь харамсалтай. Тиймээс хотын эдийн засгийг тэлэх үйлст хамтдаа хичээн зүтгэхийг уриалъя” гэсэн юм.
З.Цолмонбаяр: Ухаалаг хотыг хөгжүүлэх нь зөвхөн төр, төрийн байгууллагын үүрэг биш
“Хангал системс” ХХК-ийг үүсгэн байгуулагч З.Цолмонбаяр:
-Сууц өмчлөгчдийн холбооны esukh.mn системийг 2016 оноос хөгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар нийслэлийн 50 гаруй хотхон, 24 мянга гаруй айл өрх нэгдсэн. Гол давуу тал гэвэл СӨХ болон оршин суугчдын харилцаанд гардаг асуудлыг шийдвэрлэдэг. Цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүй харилцаж, асуудлаа шийддэг, тэр нь хадгалагдаад үлдэхийн сацуу өгсөн хөрөнгө мөнгө нь юунд зарцуулж байгааг шууд харах боломжтой. СӨХ-ны хувьд үйл ажиллагаагаа ажил хэрэгчээр зохион байгуулахад их дөхөм болдог. Манай системийг хэрэглэсэн газрууд сэтгэл хангалуун байдаг. Хувийн хэвшил, иргэд хамтран амьдарч буй орчноо сайхан болгох зорилготой. Ухаалаг хотыг хөгжүүлэх нь зөвхөн төр, төрийн байгууллагын үүрэг биш. Иргэд өөрсдөө ч эвлэлдэж нэгдээд хийх боломжтой гэдгийг хэлмээр байна. Харин төрийн зүгээс бүх юманд оролцож, хүндрэл учруулахгүй, ажиллах нөхцөл боломжоор хангахад л байхад л хангалттай гэсэн юм.
“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022” форум хэлэлцүүлэг үргэлжилж байна.