Манай орны ойн сан 18.3 сая га бөгөөд ой модоор бүрхэгдсэн талбай 12,9 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 7.9 хувийг эзэлдэг. Монгол орон ойн нөөцөөр хомс орны тоонд ордог.
Хүн амын тоо өсөж, дэлхийн дундаж температур нэмэгдсэнээр дэлхийн бүс нутгууд цөлжилтөд илүү өртөмтгий болж байна. Хөрсийг бохирдуулж, чанарыг муутгадаг хүний үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалсан өөрчлөлт нь хөрсийг гэмтэж, цөлжсөн хуурай газар бий болох явцыг түргэсгэж байна. Ургамлын тоо цөөрч, элсэрхэг газар тэлж, гол цөөрөм ширгэж байгаа энэ үед цөлжилт нь Монгол Улсын санаа зовоосон асуудал хэвээр байгаа юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын судалгаагаар Монгол Улс дахь бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэсэн. Үүний 76 хувь нь аль хэдийн цөлжиж эхэлсэн гэж үздэг байна. Хэрэв цөлжилт энэ эрчээрээ явагдвал, 2080 он гэхэд Хэнтий, Хөвсгөл аймгуудаас бусад Монгол орны бүх газар нутаг цөлжинө гэсэн тооцоолол гарчээ. Цөлжилтийг бууруулах хамгийн чухал аргуудын нэг бол мод тарих юм. Ой моджуулснаар хөрсний элэгдэл багасан цөлийг тэлэхээс сэргийлдэг байна.
Экологийн цагдаагийн албаны ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Мөнхбат:Тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тохиох бүх нийтээр мод тарих өдөр болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг тохиолдуулан цагдаагийн байгууллагаас “Байгалиа бүтээе” аяныг 05 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Аяны гол зорилго нь хаврын улирлын мод тариалалт болон түүний арчилгаатай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх, соён гэгээрүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 22-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр 2030 он гэхэд тэрбум мод тарихаар төлөвлөж буйгаа хэлсэн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх, хууль эрх зүйн мэдлэг олгох, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах зорилгоор “Байгалиа бүтээе” нэгдсэн арга хэмжээг энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Байгалиа бүтээе” аян нь “Зөв мод зөв арчилгаа” уриан дор тарьсан модоо хэрхэн арчлах тал дээр чиглэн ажиллаж байгаа юм. Дэлхий дээр 100 мянган зүйлийн ургамал байдгаас Монгол улсад 140 төрөл зүйлийн модлог ургамлыг тарьж ургуулсан байдаг. Үүнээс иргэд шинэс, хайлаас, гүйлс, буйлс зэрэг 20 гаруй төрлийн ургамлыг хашаандаа тарьж ургуулдаг боловч усалгаа бага шаарддаг, арчилгаа багатай, хөрс голдоггүй, амьдарч байгаа газрынхаа цаг уурт тохирсон модлог ургамал тарих нь чухал юм. Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа 240 мянга орчим айл өрх нь хашаандаа нэг мод тарьж ургуулснаар агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах боломжтой.
Байгалиа бүтээе нөлөөллийн аяны хүрээнд Гэрлэх ёслолын ордноос хуримаа хийж, гал голомтоо бадруулж буй хосуудад зориулсан мод тарих орчин бүхий “Хосын төгөл” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан юм. Хосуудын тарьсан модыг таны өмнөөс арчилж, хамгаалах бөгөөд хайр сэтгэлээ бататган мод тарьж, он цагийг эргэн дурсах сайхан боломж бүрдэж байна.
Гэрлэх ёслолын ордны ёслол үйлчилгээний менежер Б.Амгалан:Манай гэрлэх ёслолын ордонд хуримаа хийхээр төлөвлөж буй хосууд маань үнэхээр баяртайгаар хүлээн авч байгаа. Энэ санаачилгыг санаачилж буй цагдаагийн байгууллагадаа баярлаж байгаагаа хэлмээр байна. Жил бүрийн тавдугаар сар, аравдугаар сар бүх нийтээр мод тарьдаг мөн ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлчихсэн. Энэ таван сард бид хосуудаараа мод тариулах төлөвлөгөөтэй байсан яг энэ үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүнийг дэмжин төгөл нээж өгсөн.
Хүн энэ амьдралдаа заавал хийх ёстой гурван үйл байдаг нь үр удмаа үлдээх, ном туурвих, мод тарих гэлцдэг. Ганц мод ч байсан хүмүүний амьдралд оруулах хувь нэмэр нь асар их байдгаас ийн чухалчилсан болов уу. Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь замхруулдаг төдийгүй тоос шороог 21-76 хувь хүртэл багасгадаг. Үүнээс гадна сэтгэл санааны тогтвортой байдал, эрүүл мэндэд ч тустай билээ.
Иргэн:Мод тарих нь байгаль орчинд өнгө үзэмж нэмэхээс гадна хүний эрүүл мэндэд хэрэгтэй хүчилтөрөгч үйлдвэрлэдэг ганц хүчин зүйл. Модгүй орчин бол цөлжилтөд өртөнө, шороо тоосноос эхлээд байгаль орчин хүмүүст ч хүндрэлтэй.
Монголын нөхцөлд модыг хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу 4 дүгээр сарын дунд үеэс 5 дугаар сарын сүүл үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд, мөн намар 11 дүгээр сар дуусахаас өмнө таривал хамгийн тохиромжтой. Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг ажээ. Монгол орны ой модны төрөл, зүйл нь тухайн байгалийн бүс, бүслүүр экосистемийн нөхцөлийг илэрхийлэгч үндсэн индикатор болдог. Мод тарих нь бидний амьдралын орчин, амьжиргаа, аюулгүй байдалд чухал гэдгийг ухамсарлах иргэд олон болсон хэдий ч хэрхэн тарих, арчлах, ямар хөрсөнд аль модыг тарихаа мэдэхгүй иргэд цөөнгүй байгаа юм.
Экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн, доктор Р.Сүнжидмаа:Мод хүчилтөрөгч ялгаруулна гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Үүнээс гадна хүний эрүүл мэндэд сайн, эмчилгээ болохуйц бодисууд ялгарч байдаг. Мод навчаараа ус ууршуулдаг учир модтой газар чийглэг байдаг бөгөөд мод тоос шороог өөртөө шүүнэ. Хүн бүр өөрийн орчноо бүтээгээд модоо тарьчихсан байхад агаарын бохирдлоос айхгүй байж болно, нарс мод нь уушгинд сайн бодис ялгаруулж, хорт бодисыг шүүдэг. Хуурайшилт, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй байгаа энэ үед айл бүр, хүн бүр мод тарьж орчноо бүрдүүлчихвэл улсаараа сайхан байх юм.
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын хор уршгийг сааруулахад ногоон орчин, амьд байгаль хамгийн чухал. Иргэн бүр байгалиа бүтээж өөртөө болон бусдад хүчилтөрөгчийг бэлэглэн мод тарьж, зөв арчлан хамгаалахыг уриалж байна.