Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах хийгээд шинэ, содон зүйлс юу байгаа тухайд хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаа “ “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан хэдий ч иргэд маань идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Гүйлтийг олон төрлийн зай, төрлөөр зохиодог бөгөөд энэ жилийн бэлтгэл ажлыг хангаж байгаа. Уламжлал ёсоор тав, арван км, хагас, бүтэн марафон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт, гэр бүлийн гүйлтийг зохион байгуулна.
Гүйлтэд оролцогчид Сүхбаатарын талбайгаас гараанаас гарч, Сүхбаатарын талбайд барианд орно. Маршрутад өөрчлөлт ороогүй, хуучин маршрутаар явна. Энэ жилийн хувьд бүртгэл болоод гүйлтийн зохион байгуулалтад техникийн шинэ дэвшлийг ашиглана. Төлбөрийг хялбарчилж, тамирчдын амжилтыг хэмжихэд ихээхэн дэвшил гарч байгаа.
Гүйлтийг иргэдэд ээлтэй байдлаар зохион байгуулахын тулд нийслэлийн харьяа газрууд хамтран ажиллаж байна. Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн удирдах газар, Боловсролын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд хамтран ажиллаж байгаа.
Гүйлтэд оролцогчид HiPay аппликейшн ашиглан бүртгүүлэхээс гадна нийслэлийн болон дүүргүүдийн биеийн тамир спортын хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо зэрэг газарт биеэр очиж, мэдээлэл авч, бүртгүүлж боломжтой ” гэлээ.