Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах хийгээд шинэ, содон зүйлс юу байгаа тухайд хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.
“High Payment Solutions” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат:Бид санаачилга гарган, НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газартай хамтран хөгжүүлэлт хийж, www.ubmarathon.hipay.mn вэб сайт болон HiPay аппликейшнээр иргэд амар хялбараар бүртгүүлэх боломжийг бүрдүүлсэн. Дөрвөн төрлийн гүйлтээс шалтгаалаад төлбөр нь өөр өөр байх бөгөөд түүнийгээ сонгон дурын банкны картаар төлбөрөө төлж, бүртгүүлэх боломжтой.
“Улаанбаатар марафон” олон улсын марафон. Тиймээс олон улсын хэмжээнд зохион байгуулж, оролцогч тамирчдынхаа хурд, амжилтыг хэмждэг байх нь зохимжтой.
Гүйлтэд оролцогчид хэдэн км цагийн хурдтай гүйж, хэддүгээр байр эзэлсэн бэ гэдгийг хэмждэг технологи байдаг. Тэрхүү технологийг Монгол Улсад анх удаа, нэвтрүүлж “Улаанбаатар марафон-2022”-д ашиглана. Оролцогч, гүйгчдэд уламжлал ёсоор дугаар, пайз тарааж өгнө. Тэрхүү дугаар дээр уншигч төхөөрөмж суулгах бөгөөд гүйлтийн замд хурдыг хэмжих юм. Бүртгэлийг автоматжуулснаар дараа, дараагийн жилүүдийн амжилтын түүх ч бүртгэгдээд явах юм.
Энэхүү марафонд эрүүл мэндийн гүйлт буюу 5 км-т нийт оролцогчдын 90 орчим хувь нь оролцдог онцлогтой. Тэдгээр хүмүүс нийгмийн оролцоогоо олонд мэдээлэх сонирхолтой байж болох юм. Тиймээс гүйлтэд оролцогчийн амжилтыг харуулсан гэрэл зураг, мэдээллийг харуулсан батламжийг дижитал байдлаар гаргаж өгөхөөр төлөвлөсөн. Мөн марафонд оролцогч байгууллагуудын мэдээллийг ч бүртгэлжүүлнэ.
Бид богино хугацаанд технологийн шинэчлэл хийж, марафонд оролцогчдод амар хялбар байдлаар бүртгүүлэх, амжилтаа баталгаажуулах боломж олгож байна хэмээлээ.