Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн худалдаа эрхэлсэн дэд захирал Б.Ариунболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн цайллагаа өнгөрсөн баасан гаригт “Баянгол” ресторанд хийлээ. Б.Ариунболдын цайллаганд Ардчилсан намын томчууд уригдсан байлаа. Учир нь тэрээр Хан-Уул дүүргийн АН-ын даргаар ажилладаг нэгэн юм. Түүний цайлаганд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд, УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин, Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа нарын АН-ын томоохон албан тушаалтай, нэр нөлөө бүхий эрхэмүүд цугласан нь Б.Ариунболдын зиндааг илэрхийлэх ажээ. Түүнчлэн МАН-ын Бага хурлын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Б.Саранчимэг хүрэлцэн ирсэн байлаа. Б.Саранчимэг нь УИХ-ын гишүүн, “Мон-Уран” компанийн Б.Наранхүүгийн төрсөн эгч гэдгээр нь хүмүүс мэддэг билээ.
2008 оны сонгуульд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт л АН ялалт байгуулж, тэр нь Б.Ариунболдын гавьяа гэж үнэлэгддэг. Тиймээс тэрээр 2008-2012 онд Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан нөлөөтэй нэгэн юм. Нийслэлд АН-ын дуу хоолой болж байсан гэдгээрээ намдаа нэлээн нөлөөтэй нэгэн бөгөөд иймээс ч түүний цайлаганд намынх нь нөхөд түлхүү ирсэн байлаа. Хан-Уул дүүргийн намын хорооны гишүүд, найз нөхөд, гэр бүлийнхэн нь гээд олон зочид хүрэлцэн иржээ.
Хар машин хөлөглөсөн АН-ын нөлөө бүхий эрхэмүүд “Баянгол” рестораны гадаах машины зогсоолыг эзэлсэн харагдсан. Оройны 18:00 цагийн үед эхэлсэн тус арга хэмжээ шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилж нижгэр болж өнгөрлөө.
Б.Ариунболд нь Монгол Улсын их хурлын 2012 оны сонгуульд АН-аас намын жагсаалтаар өрсөлдөж байв. Энэ оны эхэнд тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн худалдаа эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллаж буй. Намын жагсаалтын хойгуур бичигдсэн ч багагүй “бялуу” хүртлээ гэсэн шуум ч дэгдэж байв.
Н.Түвшин
Ugluu.mn