Эмгэнэл

ЖАМБЫН НОРОВСАМБУУ

(1942-2022)

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Жамбын Норовсамбуу 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ж.Норовсамбуу нь  1942 оны зургадугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын нутагт “Бургастай” хэмээх газар төрж, Ховд аймгийн Дарви сумын 7 жилийн сургууль, мөн аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургууль, Москва хотын Намын дээд сургуульд тус тус суралцан төгсжээ.

Тэрбээр ажил хөдөлмөрийнхөө гарааг 1966 оноос эхэлж, 1966-1970 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын малын их эмч, 1970-1975 онд Дорнод аймгийн Мал эмнэлгийн газрын дарга, 1975-1978 онд Дорнод аймгийн Баян-Уул сум, Ононгийн сангийн аж ахуйн  дарга, 1980-1982 онд Сангийн аж ахуйн яамны орлогч сайд,          1982-1984 онд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйн дарга, 1984-1986 онд Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1986-1992 онд Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1990-1992 онд Монгол Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1996, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2009 онд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 2009 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ.

Ж.Норовсамбуу нь  мал аж ахуй, газар тариалангийн салбарын нэр хүндтэй удирдагч, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Үндсэн хууль тогтоогч, Монгол төрийн албаны шинэ тогтолцоог үүсгэн бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн түшээ байлаа.

Тэрбээр 1990-1992 оны Улсын Бага Хурал, 1992-1996, 1996-2000 оны Улсын Их Хуралд гишүүнээр сонгогдон ажиллахдаа шинэ Үндсэн хуулийг амьдралд хэрэгжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоо, харилцааг шинээр зохицуулсан суурь хуулиудыг боловсруулах, хэлэлцэн батлахад оюун ухаан, эрдэм билгээ дайчлан, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Хүнсний тухай, Байгаль орчны тухай зэрэг томоохон хуулиудын ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.   

Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчин, Санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнажээ.  Талийгаачийн хөдөлмөрч, шударга, хүнлэг зан чанар, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд эгнэгт мөнх орших болно.

У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, С.БЯМБАЦОГТ, Х.БОЛОРЧУЛУУН, Ш.АДЬШАА, Б.ПҮРЭВДОРЖ, Ц.НЯМДОРЖ, З.МЭНДСАЙХАН, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Г.ПҮРЭВГАНДИ, Б.ПҮРЭВЖАВ, Ж.ГОМБОЖАВ

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …