Хувийн хэвшлийнхэн хийж чадах ажил үйлчилгээ бүхнийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ

“Төр бүх эрх мэдлийг атгаад суугаад байх тусам хүнд сурталждаг. Иймд хувийн хэвшлийнхэн хийж чадах ажил үйлчилгээ бүхнийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх замаар бизнест ээлтэй орчин бүрдүүлж, төрийн үйлчилгээг чанаржуулахыг Шинэчлэлийн Засгийн газар тэргүүн зорилтоо болгож байна. Бодлого зохицуулалт эхнээсээ ажил хэрэг болж, хүнд суртал халагдсаар байна. Бидний дараагийн алхам ногоон хөгжлийг дэмжсэн зохицуулалтууд байх болно” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ногоон хөгжлийн түншлэл” үндэсний чуулганы нээлтийн үеэр хэллээ.

БОНХЯ-наас олгож буй 20 төрлийн лиценз зөвшөөрлийг авахын тулд иргэн, хуулийн этгээд 6-12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 1-3 сар зарцуулдаг байна. Төрийн захиргааны төв байгууллагад ажлын ачаалал, иргэдэд чирэгдэл үүсгэдэг энэ тогтолцоог халах хамгийн оновчтой арга бол зөвшөөрөл олгох ажлыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх гэдгийг Ерөнхий сайд тодотгосон юм.

Төр-хувийн хэвшил яаж хамтарвал үр дүнтэй ажиллах, хяналт, хариуцлагын механизм ямар байх зэргийг БОНХЯ-ныхан чиглэл бүрийнхэнтэй хамтран 11 удаа хэлэлцээд, өнөөдөр үндэсний анхдугаар чуулган хийж байгаа юм. УИХ-ын чуулганы маргаашийн хуралдаанаар “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэлэлцэх ба үүний өмнө төр, хувийн  хэвшлийн түншлэлийн арга замаа эцэслэн тодорхойлж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Экологид ээлтэй, нөөц хэмнэсэн арга технологиуд нэвтрүүлэх ногоон хөгжлийн бодлого нь байгаль хамгаалах төдий бус эдийн засгийн хөгжлийг тэтгэх хөшүүрэг болно. Материаллаг бус, хэмнэлттэй, дахин ашигладаг, хог хаягдалгүй амьдралын хэв маягтай бидний нүүдлийн соёл иргэншил тэр чигээрээ ногоон технологи байдаг. Уламжлалт арга ухаанаа дэлхий нийтийн хандлага, орчин үеийн дэвшилд тулгуурлан хэрэгжүүлэхдээ төр хувийн хэвшлийнхэнд үүдээ нээж байгааг Төрийн ордноо болсон “Ногоон хөгжлийн түншлэл” үндэсний анхдугаар чуулганы үеэр салбарынхан хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …