Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд өнөөдөр болж, шилдгүүд тодорлоо.
Тэмцээнд нийт 768 багийн 3264 тамирчин оролцжээ.
Энэ жилийн хувьд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос найман тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн юм.
Хотын спортын гол төрөл хэмээн олон улсад нэрлэгддэг, олимпын наадмын албан ёсны төрөл болох 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 16-наас эхлэн стандартын дагуу зассан талбайд зохион байгуулж дууслаа.
Тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Цаашдаа энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Иймд нийслэлийн зүгээс хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг шинээр байгуулж, залуусаа дэмжих болно. Тэдгээрээс 59-ийг нь энэ ондоо барьж дуусгахаар ажиллаж байна. Энэ удаагийн тэмцээнийг хамтран зохион байгуулсан хувийн хэвшлийн байгууллагууддаа талархал илэрхийлье. Монгол залуус минь улсынхаа нэрийг өндөрт өргөж, Олимпын аварга, Дэлхийн аварга болохыг ерөөе” хэмээсэн юм.
Жил бүр энэ тэмцээнийг зохион байгуулбал хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бие бялдрын хувьд ч хөгжих боломжтой. Иймээс цаашид тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах хэрэгтэй хэмээн тамирчид онцолж байв.
“Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шилдгээр шалгарч, шагнал хүртсэн баг, тамирчдыг танилцуулъя.
Эмэгтэй төрөлд:
Тэргүүн байр – Баянгол дүүргийн “Kobe” баг
Дэд байр – Баянзүрх дүүргийн Багш нарын шигшээ баг
Гутгаар байр – Хан-Уул дүүргийн “Тамир” баг
Эрэгтэй төрөлд:
Тэргүүн байр – Баянзүрх дүүргийн “Tescoma” баг
Дэд байр – Хан-Уул дүүргийн “Molten” баг
Гутгаар байр – Сүхбаатар дүүргийн “МУИС – Шонхорууд” баг
Шилдэг эмэгтэй тоглогч – Баянгол дүүргийн “Kobe” багийн тамирчин У.Уянга
Шилдэг эрэгтэй тоглогч – Баянзүрх дүүргийн “Tescoma” багийн тамирчин Ш.Очир-Өлзий