Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр “Парис–2024” зуны Олимпын 33 дугаар наадмын багийн ахлагчийг томилох тухай тогтоолыг танилцуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт Монгол Улсаа төлөөлөн Олимпын наадамд оролцох багийг ахлах хүндтэй үүргийг хүлээлгэлээ.
Олимпын наадмын багийн ахлагч нь тамирчдын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулж, амжилттай оролцуулан, үр дүнг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд танилцуулах үүрэгтэй юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын даргын хувьд Монгол Улсын нэрийг түүхэнд үлдээх хүндтэй үүргийг хүлээсэндээ баяртай байна. “Парис – 2024” зуны Олимпын наадамд төрийн далбаагаа олон удаа мандуулж, төрийн дууллаа олон удаа эгшиглүүлэхийн төлөө хичээх болно” хэмээлээ.
Тэрбээр тамирчин ахуй үедээ “Атланта – 1996”, “Сидней – 2000” Олимпын наадмуудад эх орноо төлөөлөн оролцож байв.
Мөн үеэр Хотын даргад МҮОХ-ны дээд шагнал “Алтан-Од” одонг гардуулан өглөө.
“Алтан-Од” одон нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх, Олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж, амжилт гаргасан хүмүүст МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр гардуулдаг дээд шагнал билээ. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг“Нийслэлийн зүгээс спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, олон ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа тул энэхүү одонг Хотын даргад гардуулан өгч байна” гэсэн юм.