МҮМУУХ:Үндэсний Их баяр наадмын Үндэсний Морин уралдаанд зөвхөн Монгол үүлдрийн адууг зургаан насны ангиллаар уралдуулахыг шаардаж байна

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооноос “Монгол наадам, Монгол адуу” тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Жагсаалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар болон Засгийн газарт Албан шаардлага, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөх бичиг хүргүүлж байгаагаа МҮМУУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд мэдэгдлээ.

“Монгол наадам, Монгол адуу”тайван жагсаал, цуглаанд оролцогчдоос дараах өргөх бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж байна.

Үүнд:

-Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол наадам, монгол адуугаа дээдлэгч Монгол Улсын Ерөнхийлөгч таныг “Монгол наадам, монгол адуу” тайван жагсаалд оролцогчдыг биечлэн хүлээн авч уулзах

-Улсын Их Хурлаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр нэгдсэн чуулганд тааллаар оролцон үгээ хэлэхийг хүсэж байна

-Үндэсний их баяр наадмын үндэсний морин уралдаанд зөвхөн монгол үүлдрийн адууг зургаан насны ангиллаар уралдуулж, зохион байгуулах, шударга өрсөлдөөнийг хангах, уралдах адууг бүртгэлжүүлж, цахим ил тод болгох, ёс зүй, жудгийг эрхэмлэх , уяачийн үүргийг нэмж тусгах, хариуцлагын тогтолцоог сайжруулах зохицуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмж тусгуулахаар саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэгт яаралтай гаргах

-Үндэсний их баяр наадмаас өмнө Монгол наадам, үндэсний спортын чиглэлээр Монгол улсын Ерөнхийлөгчийн Зарлиг гаргана гэсэн шийдвэрээ биелүүлэх

-Гадаад улс орноос импортоор үржүүлгийн зориулалтаар адуу оруулж ирэхийг олон улсын стандартад нийцсэн морин тойруулга баригдах хүртэлх хугацаагаар хориглох саналыг холбогдох төрийн эрх бүхий албан тушаалтанд чиглэл өгөх

-Монгол азарганы эд эрхтэн (сэлдий)-г тасдах, зэрэмдэглэх харгис үйлдлийг Монгол улсын хэмжээнд хатуу хориглож холбогдох шийдвэрийг гаргах саналыг холбогдох төрийн эрх бүхий албан тушаалтанд чиглэл өгөхийг шаардлаа.

“Монгол наадам, Монгол адуу”  тайван жагсаалд оролцогчдын байр суурийг хүргэж байна. 

Тод манлай уяач Б.Мөнхтөр:Сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадмын бөх, морины уралдаан маргаантай болж ирсэн. 

Ард түмэн эрийн гурван наадмаа үзэж жилийнхээ дархлааг авч, баярлаж цэнгэдэг.

Тэгвэл  сүүлийн үед Монгол наадам эрлийз адуутай баячуудын наадам болж байна. Монгол адуу уралдах ямар ч боломжгүй болчихоод байна.

Тийм учраас Монгол наадмаа өв соёл, уламжлалаар нь зохион байгуулахын төлөө тэмцэж байна.  

Үндэсний Их баяр наадмын Үндэсний Морин уралдаанд зөвхөн Монгол үүлдрийн адууг зургаан насны ангиллаар уралдуулахыг шаардаж байна.

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Дуламсүрэн“”Монгол наадам, Монгол адуу” тайван жагсаалын гол зорилго нь Монгол улс оршин тогтнох уу, дэлхийд нүүдэлчин Монголчууд байх уу, үгүй юу гэдэг асуудлын гол гогцоо.

Өнөөдөр зөвхөн уралдаан, наадмын талаар бид яриагүй.Монгол улсын Үндсэн хуулийн заалт биелэгдэхгүй байна, тийм учраас үүнийгээ засаач гэж бид бүхэн өнөөдрийн тайван жагсаалыг зохион байгуулж байна.

Монгол адуугаа хамгаалаад зогсохгүй Монгол малчид байгаа шүү гэдгийг ойлгуулахыг хүсэж байна.

“Монгол наадам, Монгол адуу” тайван жагсаал Монгол адуугаа дээдэлдэг ард түмний жагсаал болж байна” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …