Ерөнхийлөгч У. Хүрэлсүх хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар, үйлчилгээний “Чиглэл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын мэргэжлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг тус компани болон “Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн мэргэжлийн холбоо” төрийн бус байгууллага дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хүнсний тоног төхөөрөмж, засвар, үйлчилгээний салбар салшгүй нэг хэсэг учир нэгдсэн бодлогоор хангах шаардлагатайг холбооныхон хэллээ.
Энэ хүрээнд “Сав баглаа боодлын үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх, энэ хөтөлбөрт хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хангамж, засвар үйлчилгээний талаар тусгах, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй зориулалтын бус савны хэрэглээг халах “Савыг саваар солих хөтөлбөр” хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Ижил төрлийн тоног төхөөрөмжид тавих импортын гаалийн татварыг нэмж, дотоодын зах зээлээ хамгаалах нь чухал гэдгийг салбарын төлөөлөл илэрхийллээ.
Мөн халдварт өвчин тархах эх үүсвэр болдог хоол үйлдвэрлэлийн салбарын аяга, таваг, халбага, сэрээ зэргийг зориулалтын ариутгагч, автомат угаагч төхөөрөмжөөр хангах эрх зүйн орчин бүрдүүлэх, хоол, хүнс боловсруулах технологийн тоног төхөөрөмж, сав суулга, аппаратуудын үндэсний стандарт боловсруулах зэрэг хүсэлт гаргалаа.
Зориулалтын бус хуванцар савыг иргэд ундны ус, сүү, айраг зэргээ хадгалахад ашигладаг. “Чиглэл” ХХК үүнийг халахын тулд ундны усны 60-250 литрийн багтаамжтай суурин болон зөөврийн ган сав үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлжээ.
Энэ нь хуванцар савны хэрэглээнээс үүсэх өвчин эмгэг, хорт хавдар зэргээс сэргийлэх ач холбогдолтойг компанийн гүйцэтгэх захирал Ц.Бумцэнд танилцууллаа.
“Чиглэл” ХХК хоёр үйлдвэр, салбар дэлгүүрүүд, засвар, захиалгын үйлчилгээний албатай, 100 орчим ажиллагсадтай.
30 гаруй нэрийн хүнс, хоол үйлдвэрлэлийн 80 орчим тоног төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Мөн хүнс, хоол, баар, рестораны зориулалтын 1,000 орчим нэр төрлийн тоног төхөөрөмж, 4,000 гаруй нэр төрлийн гал тогоо, тогоочийн туслах болон багаж хэрэгслийг импортоор авч хэрэглэгчдэд хүргэж байна.