Д.Мөнх-Эрдэнэ: Газрын мафийнхантай тэмцэнэ, тэдний гар хөл болсон төлөөний хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулна

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар Зайсангийн гудамжинд байрлах зөвшөөрөлгүй, ноцтой эвдэрч гэмтсэн байгууламжуудыг албадан буулгасан. Дугуй цагаан хэмээн олны нэрлэж заншсан Богдхан уулын ам руу алхах замд “Энигма” ХХК-ийн ашиглаж байсан газарт олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгасан нь хэл ам дагуулаад байна. Тус газрын хогийг ачиж, орчныг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан нь эсэргүүцэлтэй тулгарсан тул Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар  дараах тайлбарыг өглөө.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Өчигдрийн тухайд Богдхан уулын аялал жуулчлалын ганц гарцыг экскаватораар хааж, хөдөлгөөнийг саатуулсан тул маргаан дэгдсэн. Долоо хоногт 5-6 мянган иргэн тус амаар алхах, аялах зорилгоор очдог. Тиймээс иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу экскаваторыг буулгах, тэнд хурсан хогийг ачих ажлыг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, орц гарцыг хаасан байсныг чөлөөлөхөөр ажиллаж байтал эсэргүүцэлтэй тулгарсан юм. “Энигма” компани болон түүнтэй холбоотой байгууллага, иргэн Богдхан уулын Зайсангийн амны 38.2 га талбайг ашигладаг. Ашиглана гэдэг нь газар эзэмшигчээс зөвшөөрсөн хүрээнд ашиглахыг хэлдэг. Тэнд орон сууц, барилга барьж болохгүй. Зөвхөн судалгаа, шинжилгээний зорилгоор түр отоглох байдлаар хүмүүсийг байршуулах ёстой. Сүүлийн таван жилд гэмт хэрэг зөрчлийн 150 дуудлага ирж байсан. Сүүлийн хоёр жилд нь ковидын улмаас үйл ажиллагаа явуулаагүй гэхээр энэ бол маш өндөр тоо. Тэнд хүмүүс архиддаг, бага насны хүүхдүүдийг цуглуулж буруу зүйл хийдэг газар болсон байсан.

“Энигма” компани Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутагт л гэхэд дөрвөн барилгыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн. Энэ байгууллага удаа дараа хууль, тогтоомж зөрчиж сурсан байна, үүндээ амташсан байна. Үүнийгээ улстөрчдөөр яриулж, дарамтлуулж, шүүхэд нөлөөлж, хуулийн дээгүүр “алхаж” сурсан байна. Энэ мэт хууль зөрчдөг газрын мафийн нөхөдтэй нийслэлийн удирдлага хатуу тэмцэнэ. Тэднийг өмгөөлж хамгаалдаг улстөрчидтэй хатуу тэмцэнэ. Нийтийн эрх ашиг, нийслэлчүүдийн эрх ашиг бол хотын удирдлагуудын хувьд нэг номерт байгаа. Энэ газрыг чөлөөлөөд, иргэд, тэр дундаа ахмад настан, хүүхэд багачуудад зориулан амралтын орчин бүрдүүлэх ажлыг энэ жил дуусгана. Энэ мэтчилэн Дархан цаазат газарт хууль зөрчдөг байдлыг нийслэл гаргуулахгүй. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх, хамгаалах чиг үүрэг орж ирсэн. Энэ чиг  үүргээ хэрэгжүүлж биелүүлнэ. Няцахгүй, ухрахгүй.

2004 оноос Улаанбаатар хотын газрыг зарсан, баяжсан  Т.Бадамжунай тэргүүтэй газрын мафийн хүмүүстэй тэмцэнэ. Тэдний гар хөл болсон төлөөний хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулна. “Энигма”-гийн газрын төлбөр л гэхэд тэрбум гаруй төгрөг байгаа. Тэднийг хамгаалж, өмгөөлдөг улстөрчдөд хэлэхэд “Хот дахин та бүхэнд дээрэлхүүлэхгүй, тууштай тэмцэнэ”. Нийт нийслэлчүүдийн эрх ашгийн төлөөх шаардлагатай бүх арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлнэ. Зайсангийн аманд зөвшөөрөлгүй, хууль бусаар барьж байгуулсан объектуудыг буулгах ажил бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа.  Долоо хоног тутамд олон хүн амрахаар тус газрыг зорьдог.  Бага насны хүүхдүүд саваагүйтэж яваад гэмтэж бэртвэл юу болох вэ. Тиймээс хуулийн хүрээнд зөвшөөрөлгүй байгууламжийг буулгасан. Цаашид ч зөвшөөрөлгүй объектыг буулгана. Бид энэ ажлын хүрээнд 4800 гарааш буулган, газрыг нь тохижуулж эхэлсэн. Аж ахуйн нэгж, иргэд бидний бодлогыг дэмжиж, өөрсдөө хашаа, хайсаа буулгаж байгаа. Харин хуулийн дээгүүр давдаг байгууллагуудтай тууштай тэмцэнэ.

Хуулиа мэддэг, нийтийн эрх ашгийг дээдэлдэг байгууллага аж ахуйн нэгжүүд биднийг дэмжиж, сайн дураараа хайс хашаагаа буулгаж байгаа.

-Аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг хаанаас олгосон бэ. Сая буулгасан байгууламжийн дээд талд олон хаус барьсан байгаа. Тэдгээр хаусуудыг барих зөвшөөрлийг хаанаас авсан бэ. Эдгээрт арга хэмжээ авахгүй юм уу?

-Тусгай хамгаалалттай газар нутаг бол Монгол Улсын газрын нэгдмэл сангийн бүрэлдэхүүн хэсэг. Тусгай хамгаалалттай газар нутаг буюу газрын нэгдмэл санд хяналт тавих нь Газрын тухай хуулиар зохицуулагддаг. Газрын тухай хуульд Тусгай хамгаалалтай газар нутгийг судалгаа шинжилгээ хийх зориулалтаар ашиглахыг заасан.  Гэтэл хуульд заагаагүй зориулалтаар барилга бариад, балгас болгочихсон бол хэрхэн зохицуулахыг ч Газрын хуульд заасан. Уг хуулиар зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан бол аймаг, нийслэлийн Засаг дарга албадан чөлөөлөх бүрэн эрхтэй. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу ажилласан. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар, байгалийн үзэсгэлэнт болон нөөц газруудад үе үеийн Байгаль орчны сайд нар хууль зөрчиж газрын зөвшөөрөл олгосон. Байгалийн цогцолборт газар болох Тэрэлж л гэхэд өнөөдөр байгалийн унаган төрхөө алдаж, битүү жорлон болчихоод байна. Байгалийн унаган төрхийг алдагдахад хүргэсэн газар ашиглагчийг үүргээ биелүүлэхэд нь хяналт тавих ёстой Байгаль орчны сайд нар ажлаа хийгээгүй. Энэ мэт хууль бус үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг хамгаалдаг бүлэглэл бий. Шаардлагатай бол бид энэ талаар мэдээлнэ. Сэтгүүлч та бүхэн ч бидэнтэй нэгдэж ажиллаарай.

Нийслэлийн зүгээс чөлөөтэй байгаа бүх газрыг нийслэлчүүдийнхээ төлөө тохижуулах ажлыг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хүлээсэн. Энэ чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байна. Харин тусгай хамгаалалттай болон Дархан цаазат газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгож, барилга бариулж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй энэ алдааг яах вэ гэдгийг Байгаль орчны сайд, холбогдох албан тушаалтнууд нь хариулах юм. Яаралтай ажиллах ёстой. Таслан зогсоох үүрэг нь газрын зөвшөөрөл олгосон хүндээ байгаа. Харин  нийслэлийн удирдлагын зүгээс боломжит бүх газруудаа нийтийн эзэмшил болгож тохижуулах ажлыг хийж байна.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …