Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 14-ний өдөр тохиолоо.
“Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Монгол Улсад суугаа БНЭУ-ын ЭСЯ-тай хамтран тус улсын Дэли хотын Үндэсний музейд хадгалагдаж байдаг Бурхан багшийн ариун шүтээн /төвөдөөр “ринсрэл”/-ийг Монгол Улсад залж байна.
Бурханы шүтээнийг БНЭУ-аас тус улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Шир Кирен Рижижу тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-ны өдөр авчирч, тэднийг Соёлын сайд Ч.Номин, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц нар угтсан юм.
Бурханы шүтээнүүд нь Монгол болоод БНЭУ-д ижил хэмжээнд хадгалагдан, хамгаалагддаг түүх, соёлын хосгүй үнэт өвүүд тул Соёлын яам Богд хааны ордон музейд хадгалагдаж байдаг Бурханы ариун шүтээнийг гаргаж, Энэтхэг улсаас ирсэн Бурханы ариун шүтээнтэй хамтатган, Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өчигдөр залж, түүх соёлын хосгүй үнэт өвөө дэлгэн үзүүлж байна.
Бурхан багшийн Их дүйчин өдөр, Бурхан багшийн ариун шүтээнийг залах ёслолд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Соёлын сайд Ч.Номин, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц, БНЭУ-ын Хууль зүйн сайд Шир Кирен Рижижу, тус улсаас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх, Монгол Улсад суугаа Элчин сайд, олон улсын төлөөлөгчид оролцов.
Бурханы ариун шүтээнүүд нь 1898 онд Энэтхэг, Балбын хилийн ойролцоох Пипрахва орчмоос олдож, Монгол Улсад нэг шүтээн нь ирсэн байдаг.
Эрдэмтэд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бурхан багшийн шүтээн шүд /Монголчууд “цахиур эрдэнэ” гэдэг/-ийг 16 дугаар зууны үед Абтай сайн хан Төвөдөөс Монголд авчран, Эрдэнэ зуу хийдэд залсан гэж үздэг.
Бурхан багшийн шүтээнийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 58 дугаар тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулж, Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалж байдаг юм.