Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Шарын Мөнхбаясгалан /Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарын ах/ – ын шарга халзан морийг Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ /Алтай констракшны захирал/ 60 саяар худалдан авчээ. Түүний хувьд хурд нь тодорсон адуу авхаасаа илүү битүү адуу аваад, их наадмын дэвжээнээ гаргаж ирдэг хийморьтой аавын хүү. Алтан овоонд айрагдсан халзан азаргыг нь хүн авахгүй голоод үлдэхэд нь Бат-Эрдэнэ тод манлай аваад л гаргаж ирсэн, Даян түмний эх хүрэн морь багадаа суманд хоёр ч түрүүлчихсэн байсан бөгөөд мөн л авах хүн олдохгүй байхад нь тэр аваад Дугараа манлай уяад л гаргаж ирсэн. Соёолон зээрд үрээ нь ч гэсэн битүү адуу л түүнд ирсэн. Ер нь түүнийг удам дагасан уяач гэхээсээ илүү азтай, одтой, хийморьтой нэгэн гэдэг. Энэ нь ч олон жишээгээр батлагдаад байгаа.
Харин энэ удаагийн наймаа нь тодорсон адууных байлаа. Жаран саяын шарга халзан морь нь хязааландаа Сүхбаатар аймгийн наадамд айрагдаж байсан ба сум орон нутгийн наадамд 10 гаран түрүүлж айрагдсан хурдан ажнай. Сүүлийн үед Онгон сумаас сайн их насны морьд /Ерөөлтийн халзан, Энхтайваны хонгор халзан … гэх мэт/ олон төрөн гарч байгаа болохоор энэ нутгаас их насны морь авах хүсэлтэй уяачид ч олон болсон нь нууц биш. Энэ жилийн хувьд хурдны наймаа харьцангуй бага явагдаж байгаа ч гэсэн хаяа нэг иймэрхүү наймаа мэр сэр хийгдсээр л байна. Таван толгойн Д.Дагвадорж өнгөрсөн жил Онгоны Ё.Төгсмандахын хээр морийг 55 саяар авсан бол энэ жил Сүхбаатарт дөрвөлсөн бор морийг мөн 30 гаргаж авсан байна лээ. Мөн хурдан халзан морио Монгол наадмын од болон гялалзаж яваа Батчулууны Ерөөлт уяач Наран суманд аман хүзүүдсэн хүрэн морь, Баяндэлгэр суманд өнгөрсөн жил гуравлаад энэ жил түрүүлсэн хамар цагаан хонгор морь тус тус авсан.
эх сурвалж: хийморь.мн