Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газарт ажиллаж 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний мэдээллийг сонсон, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
Тус газрын өнгөрсөн онд зохион байгуулсан томоохон ажлуудаас дурдвал, Үндэсний номын сангийн хуучин барилга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театрын барилгуудыг соёлын өвийн бүртгэлд бүртгүүлжээ. Мөн Үндэсний урлагийн их театр, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн соёлын өв, хөгжлийн төв, Хүүхэд залуучуудын театрын барилгыг шинээр барих газрын асуудлыг шийдвэрлүүлсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон салбар 4 номын сан, алслагдсан 3 дүүргийн Соёлын ордны номын санд фондын баяжилтыг хийж эхэлжээ.
Уулзалтын үеэр төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг иргэдэд хүргэхэд төрийн захиргааны анхан шатны нэгжийн бүтэц хязгаарлагдмал, соёлын өвийг хамгаалах үүрэг бүхий байгууллагуудын уялдаа холбоо сул, сайжруулж ажиллах шаардлагатай байгааг албаны хүмүүс онцоллоо. Мөн салбарын хүний нөөцийн мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх тогтолцоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, санхүүжилт хязгаарлагдмал, харьяа байгууллагуудтай харилцах эрх зүйн зохицуулалт дутагдалтай байгааг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр хэлэв.
Нийслэлийн Соёл урлагийн газраас энэ удаагийн уулзалт зөвлөгөөнийг Улаанбаатар хотын музейд зохион байгуулсан бөгөөд хотын музейн сан хөмрөгт бүртгэлтэй 3500 орчим үзмэрээс 130 гаруйг дэлгэж сонирхуулсан юм. Тус музейн барилгыг засварлаж үйл ажиллагааг боловсрол, түүх соёлын танин мэдэхүйн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж буй явцын талаар П.Даваасүрэн танилцууллаа.
Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр ерөнхий боловсролын сургуулиудын урлаг, соёлын дугуйланг эрчимжүүлэх, сурагчдад багаас нь урлагийн боловсрол олгох хэрэгтэйг хэлж байлаа. Харин төлөөлөгч Ү.Оюунзул Улаанбаатар хотын музейн засвар, арчлалтад анхаарах, бусад байгууллагуудтай хамтран ажиллах уялдааг сайжруулах зэрэг саналыг хэлэв.
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүдээс гарсан саналыг цаашдын ажлуудад тусгаж, хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллана гэдгээ нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр илэрхийллээ.