Г.Батсуурь: Ноос, ноолуурын салбарт байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго

Европын холбооны санхүүжилтээр “Step ecolab” төслөөс санаачлан боловсруулсан “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг-2030” баримт бичигийг танилцуулах үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь оролцлоо.

Тэрбээр 
“Ноос, ноолуурын салбар нь уул уурхайн салбарын дараа нийгэм, эдийн засагт үзүүлэх өндөр үр өгөөжтэй, ач холбогдол бүхий стратегийн чухал салбар юм.

Энэ салбарыг хөгжүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарал хандуулан бодлогын баримт бичиг, хөтөлбөрт тусган гадаад дотоодын зээл, тусламжийг салбарын чадавхыг сайжруулахад чиглүүлэхийн зэрэгцээ хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар бага хүүтэй зээл олгох зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгальд ээлтэй, тогтвортой байдлаар хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Монголын ноолууран бүтээгдэхүүний чанарыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын хаан ширхэгт” чанарыг гэрчлэх тэмдгийг бий болгож, дэлхийн 30 гаруй улсын оюуны өмчийн байгууллагад бүртгүүлээд байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран хэрэглэгчид “байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ”-г эрхэмлэн сонгож буй өнөө цаг үед Монголын ноос, ноолуурын салбарыг энэхүү чиглэлд хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго болж байна.

Европын холбооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд Европын холбооны санхүүжилттэй  “Тогтвортой Текстилийн Үйлдвэрлэл ба Эко тэмдэг” төслийн хүрээнд “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг-2030” баримт бичиг боловсруулан гаргаад байна.

Энэхүү тогтвортой ноолуурын замын зураглал нь аж үйлдвэр, түүний дотор хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд “тогтвортой хөгжлийн” анхны баримт бичиг болсон  ба Монголын ноос, ноолуурын салбар 2030 он хүртэл байгальд ээлтэй, тогтвортой хөгжих хэтийн зорилго, алсын хараа, дунд ба ойрын хугацааны зорилго, зорилтуудаа тодорхойлж, салбарын оролцогч бүрийн чиг үүрэг, уялдаа холбоог тодорхойлсон нь онцлог юм. 

Дэлхий нийтээрээ хэрэглэгчдийн чиг хандлага эко үзэл баримтлал руу чиглэж байгаа тул малчны хотоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх бүхий л шат дамжлагад тогтвортой, ногоон үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь чухал болоод байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг-2030” баримт бичиг нэгэн чухал алхам болсон бөгөөд малчид, үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага, салбарын мэргэжлийн холбоод, төрийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүд зэрэг та бидний хамтын ажиллагаа салбарын хөгжлийн түлхүүр болно гэдгийг эцэст нь тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.” гэсэн юм. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …