У.Хүрэлсүх: Хилийн чанад дахь монголчууд түүх, соёлоо түгээн сурталчилж, эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж явах учиртай хүмүүс

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилийн чанад дахь монголчууд түүх, соёлоо түгээн сурталчилж, эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж явах учиртай хүмүүс

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Чуулга уулзалтын хүрээнд 2022 оны 07 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд  “Гэртээ харих зам-Эх орондоо хөрөнгө оруулъя”, “Монгол орны хөгжилд”, “Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд”, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын IV чуулга уулзалт, “ Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын зөвлөгөөн” болсон юм.

Өнөөдрийн нэгдсэн чуулга уулзалтаар хилийн чанад дахь иргэдийн эрх ашгийг хамгаалах, монгол хүүхдүүдийн боловсрол,  Монгол диаспора ба монгол хүний төлөвшил, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зэрэг сэдвээр танилцуулга, илтгэл сонсож, хэлэлцлээ.

Мөн салбар хуралдаануудаас гаргасан зөвлөмжийг хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэгдсэн чуулга уулзалтыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Дэлхий даяар тархан суугаа Монгол Улсын иргэд ээ,

Нар хур тэгширсэн дэлгэр зуны энэ өдөр элгэн нутаг, эх орондоо дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж Монгол түмний гал голомт болсон Төрийн ордондоо хуран чуулж буй Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай.

Өнөөдөр 175 мянга гаруй монгол иргэн хилийн чанадад амьдарч, хөдөлмөрлөж, суралцаж байна. Тусгаар тогтносон Монгол Улсын иргэдийн эрх дэлхийн өнцөг булан бүрд нэгэн адил хангагдах учиртай.

Монголчууд бид цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нэг нэгийгээ дэмжин, эрх ашгаа хамгаалж, хэл бичиг, түүх соёл, ёс заншил зэрэг үнэт зүйлээрээ нэгдэж, үндэсний дархлаагаа бэхжүүлж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах ёстой.

Тиймээс Монгол төрийн бодлого хилийн чанадад суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний үр хүүхдүүдийг монгол хүн болгон төлөвшүүлэх, эх орондоо эргэн ирж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцож, олон чиглэлээр хамтран ажиллаж байна.

Нэн тэргүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хилийн чанадад төрж, өсөж байгаа монгол хүүхдүүдэд эх орондоо ирээд нүүдлийн соёлын боловсрол эзэмших зуслангуудыг бүсчлэн байгуулах, “Монгол наадам”, урлаг соёлын өдөрлөгийг Ази, Европ, Америк, Австрали тивд ээлжлэн зохион байгуулж байхаар төлөвлөснийг дуулгахад таатай байна.

Энэ хүрээнд өнөөдөр Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.

Чуулга уулзалтаар монголчуудын тулгамдсан асуудал, гарц шийдлийг хамтдаа тодорхойлж, санал, зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөх болно.

Түмэн олны төлөө төр, засаг оршин тогтнодог.

Монгол төрийг төлөөлдөг Дипломат төлөөлөгчийн газрууд иргэддээ хүрч, хүндлэлтэй, хүртээмжтэй, хариуцлагатай, ил тод, шуурхай ажиллах ёстой.

Хүний нутагт байгаа иргэддээ хүнлэг халуун сэтгэлээр хандах учиртай.

Иргэн бүрд хүрч үйлчлэхэд төр, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын бүтээлч, үр дүнтэй хамтын ажиллагаанд онцгой анхаарах ёстой.

Хилийн чанадад амьдарч байгаа монголчууд эх хэл, түүх соёл, ёс заншлаа хадгалах, түгээн сурталчлах, хойч ирээдүйдээ өвлүүлэх зэрэг олон ажлыг амжилттай зохион байгуулсаар ирсэн нь төр улс, эх орондоо тусалж байгаагийн тод илрэл юм.

Өнөөдөр улс хоорондын харилцаанд улс төр, дипломат, бизнес, эдийн засгийн харилцааны зэрэгцээ хүмүүнлэгийн, тэр тусмаа иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан нөхөрлөл чухал байр суурь эзэлдэг болсон байна.

Та бүхэн гадны худалдаа, хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж, шинэ мэдлэг, технологи, инновац нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахын зэрэгцээ улс орноо гадаад ертөнцөд сурталчилахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой.

Хилийн чанадад суугаа эрхэм монголчууд аа,

Бид хамтдаа өнгөрсөн зуунд улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлж чадсан, энэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн чадавх, дархлааг сайжруулахад онцгой анхаарах ёстой.

Үүний тулд Та бид хамтдаа “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих нийгэм, эдийн засгийн суурь реформыг хийх ёстой. Энэ хүрээнд “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэвшүүлсэн.

Эрүүл хөрстэй, эрүүл хүнстэй байж эрүүл монгол хүн оршин байна.

Эрүүл монгол хүнтэй байж Монгол үндэстэн хүчирхэгжинэ.

Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд нь өөр хоорондоо нягт уялдан хэрэгжих ёстойг онцлон тэмдэглэж байна.

Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хилийн чанад дахь монголчууд Та бүхэн эдгээр үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг дэмжин, манлайлан ажиллана гэдэгт итгэж байна.

Хилийн чанад дахь иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай дараах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч эн тэргүүнд анхаарах болно.

Үүнд:

  1. Хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан хаагчдын мэргэжил, ур чадварын шаардлагыг дээшлүүлж, сахилга бат, ёс зүйн хэм хэмжээг чангатгах;
  2. Хилийн чанад дахь иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, цахим үйлчилгээний тоо, төрлийг нэмэгдүүлэх, үнэн зөв, бодит, шуурхай мэдээллээр хангах;
  3. Эх орондоо эргэн ирж ажиллаж хөдөлмөрлөх, аж ахуй, бизнес эрхлэхэд нь нэгдсэн мэдээллээр хангах, зөвлөн туслах тогтолцоог бүрдүүлэх;
  4. Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, түүх соёл, зан заншил, өв уламжлалаа заан сургах нөхцөл боломжийг бүрдүүлж, цахим сургалтын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч байгаа Та бүхэн эх орон, ард түмнийхээ элч төлөөлөгч болж, Монгол Улс, түүх, соёлоо түгээн сурталчилж, эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж явах учиртай хүмүүс шүү.

Морин өртөөгөөр мэдээллийн сүлжээг үүсгэн байгуулсан түүхтэй монголчууд бид өдгөө мэдлэг, туршлагаа нэгтгэн холбож, хил хязгааргүй оюун санааны сүлжээг хамтдаа бүтээх цаг болжээ.  Эх орныхоо төлөө хичээн зүтгэж, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа түүчээлэн яваа Та бүхэнд амжилт бүтээлийн дээдийг  хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …