Ч.Номин: Монголчууд бидний соёлын нэгдмэл байдал хамгийн өндөр хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран энэ сарын 3-5-ны өдрүүдэд “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Чуулганыг угтан өнгөрсөн өдрүүдэд салбар хэлэлцүүлгүүд болсон бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд бодлогын баримт бичигт тусгах санал зөвлөмж гаргах зорилготой нэгдсэн чуулга уулзалт болж өндөрлөлөө.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газар, УИХ-ын гишүүд оролцсон бөгөөд Соёлын сайд Ч.Номин “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх нь” сэдвээр илтгэл тавив.

Соёлын сайдын илтгэлд дурдсанаар, соёлын салбарын хөгжлийн бодлогын гол тулгуурын нэг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-Алсын хараа 2050-д тусгасан Үндэсний нэгдмэл үнэт зүйл, түүнийг бэхжүүлэх зорилт бөгөөд дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн суурь судалгааг гаргаж дуусгажээ.

Судалгаагаар, Монголчууд бидний үндэсний нэгдмэл үнэт зүйл 49 хувьтай гэж гарсан бол соёлын нэгдмэл үнэт зүйл хамгийн өндөр буюу 64 хувьтай, нийгмийн нэгдмэл байдал 53 хувьтай, эдийн засгийн нэгдмэл байдал 40 хувь, улс төрийн нэгдмэл байдал 38 хувьтай гэж гарчээ.

Мөн Монгол Улс дэлхийд танигдсан байдлын талаарх иргэдийн ойлголт, Монгол Улсад гаднын соёлын нөлөөлөл, Монгол Улсын гадаад нэр хүнд, Монгол Улсын соёл гадаад улсад хэрхэн танигдсан байдал, бид өөрсдийгөө болон улс орнууд биднийг хэрхэн дүгнэдэг талаарх судалгааг дэлхийн нэр хүнд бүхий олон улсын байгууллагуудтай хамтран хийж соёлын салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар 87 улс оронд 175 мянга гаруй монгол иргэн ажиллаж, суралцаж, хөдөлмөрлөж байна.

Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …