Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 7-ны өдөр Сингапурын Темасек олон улсын санд зочилж, тус сангийн үйл ажиллагаатай танилцан Гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч захирал Бенедикт Чеонг нартай уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-19 цар тахлыг хамтдаа даван туулахад Сингапурын Темасек олон улсын сангаас Монгол Улсад нэн шаардлагатай дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар 2019 онд Сингапур Улсад айлчилж, Сингапурын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар үр бүтээлтэй санал солилцсон. Тэр үеэр ярьж тохиролцсон ажлуудаа бодитоор хэрэгжүүлэх, үр дүнгээ баталгаажуулахаар Сингапур Улсад Засгийн газрын тэргүүний хувиар айлчилж байгаагаа тэмдэглэлээ.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогод тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Сингапурын технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, Дэлхийн олон улс оронд үлгэр жишээ болсон Сингапур Улсын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа Сингапурын хуримтлалын сан, хот төлөвлөлт, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зэрэг салбар, чиглэлд Сингапур Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байна.
Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг хувьцаа гаргах замаар энэ онд багтаан олон нийтийн хяналтад оруулах, нээлттэй компани болгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. IPO, менежментийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтэй байна.
Мөн Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулан олон улсын жишигт нийцүүлэх, танай толгой компани болох Темасек Холдингийн туршлагыг нэвтрүүлэх, Монгол Улсын шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, логистикийн зангилаа болгох, нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд транзит Монгол Улсын зангилаа бий болгох, аялал жуулчлалыг татах чиглэлд сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэх, олон улсын болон Сингапурын хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг Английн хуулийн жишгээр бүрдүүлэх талаар хамтран ажиллах саналтай байна гэлээ.
Монгол Улсын баялгийн санг “Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн байгуулахаар ажиллаж байна.
Байгалийн баялагт суурилсан эдийн засагтай улс орон бүр байгалийн баялгаас олсон ашиг орлогоо зөв зохистой хуваарилах, улс орныхоо эдийн засгийн хөгжлийн төлөө зарцуулахаас гадна хуримтлал үүсгэх, өсгөх хэлбэрээр ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулахыг эрмэлзэж байна. Энэ чиглэлд Сингапур Улсын арвин туршлагыг судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Темасек олон улсын сан Монгол Улстай 2009 оноос эхлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.