АНУ-ын Вашингтон ДиСи орчимд ажиллаж, амьдарч, суралцаж буй нийт Монголчуудын Үндэсний их баяр наадам 7-р сарын 10-ны өдөр Виржиниа мужийн Фэйрфакс дүүргийн “Bull run Regional park” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.
Баяр наадмын өдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байсантай холбогдуулан Төрийн далбааг мандуулах ёслолоор наадмын үйл ажиллагааг эхлүүлэв.
Төрийн далбааг мандуулах ёслолыг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, Хурандаа Э.Гансүх удирдаж, АНУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Үндэсний аюулгүй байдлын стратеги, батлан хамгаалах аж үйлдвэрийн сургуульд суралцаж байгаа хурандаа П.Идэр, АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн сонсогч С.Санаасайн нар Төрийн далбааг мандуулав.
Үүний дараагаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ө.Батбаяр наадмын арга хэмжээг нээж, үг хэллээ.
Мөн түүнчлэн баяр наадмын үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан оролцсон АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын газрын хэлтсийн дарга Скот Волкер үг хэлж наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв. Энэ жил Монгол Улс, АНУ хооронд Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа билээ.
Наадмын хүчит бөхийн барилдаанд анх удаагаа улс ,аймаг, сумын цолтой чансаа өндөр 64 бөх зодоглож, шагайн харваа, сурын харваа, хүүхдийн гүйлт, шагайгаар морь уралдуулах, гар барилдаан зэрэг олон төрлийн уламжлалт болон орчин үеийн тэмцээнийг хослуулан зохион байгуулав.
Вашингтон ДиСи орчмын Монголчуудын Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд хүчит 64 бөх барилдаж, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Аймгийн заан Ч.Мөнхбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Сумын заан О.Сүхбат үзүүрлэв.
ДиСи орчмын наадамд анх удаа 64 бөх зодоглосноос Улсын начин цолтой 1, Аймгийн заан цолтой 1, Аймгийн начин цолтой 3, Сумын заан цолтой 4, Сумын начин цолтой 5, Арлингтоны арслан цолтой 3, Арлингтоны начин цолтой 3 бөх тус бүр оролцож уран мэхийг уралдуулав.
Мөн жилээс жилд оролцож буй америк бөхчүүдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд энэ жил 10 орчим америк бөх барилдсан нь Монгол наадмыг үзэж сонирхдог америкчуудын тоо олширч байгаагийн нэг илрэл гэж хэлж болохоор байна.