Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд засвар, шинэчлэлтийн ажлууд үргэлжилж байна.
Тухайлбал, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын засвар, шинэчлэлийн ажилд 1.9 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, энэ оны хоёрдугаар сард тендер нь зарлагдаж, засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар гадна багана, хана, дам нуруунууд, дээврийн карникын одоо байгаа будгийг бүрэн хусаж, архитектурын чимэглэлүүдийг гэмтээхгүйгээр баримал ба чимэглэлийн эмелентүүдийн гэмтсэн хэсгүүдийг нөхөн сэргээж байна.
Мөн 2020 оны 10-р сард барилгад хийсэн оношилгооны дагуу хуучин шавардлагыг буулган шинээр шавардлага хийж, дээврийн гөлмөн төмрийн ус гоождог хэсгүүдийг засварлаж, барилгын дулаалга зэргийг шинэчилж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар барилгын гадна талын хусалт, дүүргэлтийн ажил дууссан бөгөөд барилгын засвар, шинэчлэлийн ажлыг 7 болон 10 хоногийн төлөвлөгөөний дагуу хийж, холбогдох байгууллагууд хяналт тавьж байна.
Ташрамд дурдахад, энэхүү барилгыг 1946-1949 онд барьж, 1950 оны 12-р сарын 30-ны өдөр Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээс хойш үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчлөлгүй ашиглаж ирсэн юм.
Мөн Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга нь театрын барилгын сонгодог жишээ бөгөөд дотор гадна чиглэлийн ажлыг 1950 онд архитектор Б.Чимэд болон түүгээр ахлуулсан монголын ахмад уран бүтээлчид буюу Төрийн хошой шагналт, Ардын зураач, XX зууны манлай зураач О.Цэвэгжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зураач Д.Чойдог, Төрийн шагналт зураач Д.Манибазар, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч С.Чоймбол ахмад, Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жамбаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Даваацэрэн, уран барималч А.Доржготов нар бүтээжээ.